Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ.
Уг үзэсгэлэн “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд албан ёсоор энэ оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ны хооронд болох юм байна. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээнүүд болох ажээ. Ирэх 3 сарын хугацаанд нийт 5 сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн байна.