“Миний мэдэх сүмо” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

 

“Монголын сүмо бөхийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд сүмогийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 8-18 насны сурагчдын дунд “Миний мэдэх сүмо” сэдэвт гар зургийн уралдаан зарлахаар төлөвлөжээ. Мөн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлах юм байна. Бүтээлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Кёкүшюзан товер”-т хүлээн авах юм. Гар зургийн уралдаанд ирүүлэх бүтээл А3-аас том хэмжээтэй байхаар уралдааны журамд тусгажээ. Түүнчлэн ойн хүрээнд ирэх сарын 9-нд “Буянт-Ухаа” спортын ордонд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах аж. Тус барилдаанд аймгийн арслангаас дээш улсын цолтой, өндөр чансаатай 64 бөх  зодоглох юм байна. Одоогоос 26 жилийн өмнө буюу 1991 оны арваннэгдүгээр сард  Монголын 200 хүүхдээс зургаа нь шалгаран Япон улсыг зорьж байжээ. Тэдний нэг нь Кёкүшюзан Д.Батбаяр бөгөөд араасаа 40 гаруй бөхийг мэргэжлийн сүмо руу хөтөлж, дөрвөн их аварга төрсөн байна.