Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Хүсэлтэд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үед Монгол Ардын Намын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэг байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. Төрийн албан тушаалтан, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ордог албан тушаалтан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах үйл ажиллагаанд холбогдсон бол хууль дүрэм ярилгүйгээр үг дуугүй огцрох нь Үндсэн хуульд заасан (шударга ёс) хууль дээдлэх зарчимд нийцнэ. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжийг хааж, боогдуулах, саад хийх ажлаа үргэлжлүүлсээр байна.
60 тэрбумын гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах байгууллага нь УИХ-аас шууд томилогддог, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага болох Авлигатай тэмцэх газар юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд энэ асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ямар ч боломжгүй юм.
60 тэрбумын гэх хэргийн асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж УИХ-ын 26 гишүүн үзэж, ээлжит бус чуулган зарлаж хуралдуулахыг шаардсан. Гэтэл УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, тодорхой асуудлыг хэлэлцэх санал гаргаж, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байхад энэхүү санал, шаардлагыг ямар ч албан тушаалтан хязгаарлах ёсгүй.
Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг, Гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг, Хорьдугаар зүйл “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална” гэснийг ”Хорингуравдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”
гэснийг, Хоринтавдугаар зүйлийн нэг дэх хэсэг “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэснийг мөн Хориндолдугаар зүйлийн гуравдахь хэсэг “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байх тул дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ.