Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа арван хоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд “Хараацай” театрт зохион байгуулж байна.
1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг нийслэл, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.
Энэ жилийн харшийн сүлд модны наадмын тоглолтонд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Өнгөрөгч бямба гараг буюу арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Найрамдал цогцолборт болсон Харшийн сүлд модны наадамд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага оролцлоо.
Энэ удаагийн Харшийн сүлд модны наадмыг үзэж сонирхохоор Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх газруудад сурч хүмүүжиж байгаа 800 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байв. Эдгээр хүүхэд, багачуудыг Харшийн сүлд модны наадам үзүүлэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжин оролцжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Харшийн сүлд модны наадмыг үзэхээр хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “...Хүний амьдрал эрээн бараантай, амьдралд хүнд хэцүү, шударга бус зүйл тохиолдож болно. Гэсэн хэдий юу ч тохиолдсон өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантрахгүй хичээгээрэй, сэтгэл итгэлээ алдалгүй зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа, хүүхдүүдээ захиж хэлье. Хүн энэ хорвоод нэгэнт мэндэлсэн бол амжилтад хүрэхийн тулд өөрөө өөрийнхөө, амьдралынхаа эзэн байх ёстой болдог учраас “Хэн нэгэн хүний сүүдэрт тусах бүүдгэр гэрэл төдий биш өөрөөрөө гэрэлтэх бамбар болж яваарай”. Дэргэд тань хамгийн ойр байдаг найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч нар нь та нарын мэдлэг чадвар, авьяас билгийг тань үргэлж гэрэлтүүлж явна гэдэгт эргэлзэхгүй байна. Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе, сайхан баярлаарай” гэв.
Үзэгч хүүхдүүд Үлгэрийн баатрууд тайзан дээр амилсан Харшийн сүлд модны наадмын тоглолт үнэн сэтгэлээсээ анхааран ажиглаж, баяр хөөрөөр дүүрэн үзэж байлаа.
Тоглолтын төгсгөлд хичээл сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчидад Нийслэлийн удирдлагын зүгээс бэлэг гардуулан өглөө.