Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэлээ.
Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 1 дүгээр сарын 4-нөөс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу ханиад, бронхит, хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд гал түймэрт хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэллээ.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “2019 оныг “Иргэдийн оролцоотой Хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, харьяа байгууллагууд зорилгын хүрээнд ажлаа төлөвлөж ажиллах хэрэгтэй. 2018 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламжийг хүлээн авах, нийслэлийн өмчид бүртгэн авах ажиллагаа, ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ажиллана. 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажил эртнээс хийгдэнэ. 2018 онд улсын төсвөөр маш олон ажлууд ирсэн ч газар чөлөөлөлт болон, нөхөн олговрын хөрөнгөөс шалтгаалан олон ажил он дамжиж байна.
Энэ чиглэлээр Өмчийн харилцааны газар, Газрын алба, дүүргүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нийслэл дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг батлагдсан. Энэ дагуу ажил хийгдэж байна. Бүх байгууллага албан тушаалтнууд, мөн төрийн албан хаагчид хийсэн ажлаа танилцуулах, тайлагнах үр дүнгээ зөв гарган олон нийтэд мэдээлж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицерын бүртгэл 1 дүгээр сарын 4-21ны өдрүүдэд явагдана. Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, нутгийн захиргааны байгууллага хороод анхаарч ажиллаж зохион байгуулна. Мөн бүртгэлд хамрагдах талаар уриалга, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх шаардлагатай.
Хүн ам, орон сууцны туршилтын тооллого 1 дүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.