Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цогц хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сангаас Амьсгалын замын халдварын үеийн 107,000 ам.долларын үнэ бүхий 6 нэр төрлийн 7,132 ширхэг эм, тариа болон 5 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслэлийг ЭХЭМҮТ, БЗД, СХД-т хуваарилан өглөө.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НЭМГ, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.
Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон нийтийн тохиолдлын менежмент төслийг ЭМЯ, НҮБ-Хүүхдийн сангаас Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа.
Олон нийтийн тохиолдлын менежмент нь хүүхдийн зонхилон тохиолдох өвчний үед тэдний амь насыг аврах эмчилгээнд цаг алдалгүй хамруулж, эмчлэхэд чиглэсэн юм. Зөвхөн олон нийтэд эмчилгээний тусламж үзүүлэхээс гадна хүүхдийн өсөлт хөгжил, өвчний урьдчилан сэргийлэлт, өвчний үеийн гэрийн асаргаа, аюултай шинж илэрсэн үед тусламж хайх зэрэг гэр бүлийн гишүүдийн зан үйл, дадалд дэмжлэг үзүүлнэ.
Ингэснээр хүүхдийг өвдсөн даруйд гарааны эмчилгээнд хамруулах, эдийн засгийн боломжоос үл хамааран гарааны эмчилгээг авах боломжийг бүрдүүлснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулах боломжтой.