Монгол орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд зузаан нь харилцан адилгүй байна.
Энэ сарын 11‑ний байдлаар ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим байгаа боловч Буянт, Булган, Чоно‑Харайх, Төгрөг голууд, мөн Хар‑Ус нуурын мөсний зузаан олон жилийн дунджид хүрээгүй, зарим голууд ус ихээр тэлж, мөсөн дээгүүр ус хальж урсан, мөс цөмрөх аюултай байгаа тул зам товчлох хэлбэрээр голын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг малчид, иргэд,тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.
Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангахыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.