УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлт бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. /2019.01.18/
Дүгнэлтэд:
-Нийт малчин түмэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын хамгийн чухал салбарын нэг болох мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.
Харамсалтай нь бид малчдын тоо өмнөх оныхоос 7.8 мянгаар буурсан талаар, малчин өрхийн болон эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо жилээс жилд буурах хандлагатай байгаа талаар, улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын гоц халдварт өвчин гарсан талаар, Улсын бэлчээрийн талбайн 10.3 хувь нь бүр мөсөн цөлжих эрсдэлд орсон талаар, ирээдүйд батлуулах хуулийн төслийн талаар гэх зэрэг тухайн салбарт ахиц дэвшил огт гараагүй мэдээллийг сонслоо.
Өнөөдөр бид Хөдөө аж ахуйн салбарын сайд нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг хууль бусаар, шударга бусаар УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад тараасан гутамшигтай мэдээ мэдээллийг сүүлийн 1 сарын хугацаанд нийгэм даяараа жигшин зэвүүцэн сонсож байна.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогод хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн гэж тодорхойлсон.
Салбарын үйлдвэрлэлийн хөгжлийн үндэс нь тухайн салбарт ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгаа байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд юм. Тиймээс тухайн салбарт ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг төрийн шууд болон шууд бус бодлогоор дэмжих нь салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс гэж үзнэ. Ялангуяа мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа 170 мянган өрхөд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь урт хугацаандаа мал аж ахуйн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр болно.
Энэ үүднээс 2016 онд Монгол Улсын Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталж, жилийн 28 орчим хувийн хүүтэй малчдад олгогддог байсан зээлийг хүүг нэг орон тоотой хувь уруу буулгах арга хэмжээ авч байсан. Гэтэл малчдаа дэмжсэн урт хугацааны бодлогыг зөвхөн улс төрийн шалтгаанаар зогсоож, түүнд зарцуулагдах байсан хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор танай засгийн газрын гишүүд, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн гишүүд хуваан идэж уун, найрласан байгаа нь харамсалтай. Энэ бусармаг үйлдлийг Монголын ард түмэн үеийн үедээ хэзээ ч уучлахгүй, мартахгүй.
Тийм ч учраас ЖДҮДС-ийн асуудалд холбогдсон салбарын сайд нь огцрох хангалттай бус, уг хууль бус үйлдэлд хариуцлага хүлээж энэ Засгийн газар огцрох ёстой гэсэн зарчмын байр сууриндаа УИХ дахь АН бүлэг хэвээр байгааг дурьдах нь зүй хэрэг билээ.
Эрхэм Ерөнхий сайдаа!
Таны дурдсан мэдээлэлд 2018 онд 1.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг Мал хамгаалах сангаар дамжуулан зохион байгууллаа гэжээ. Гэтэл мал аж ахуйн салбарын аж ахуй эрхлэгчдэд олгосон зээлийн хэмжээ нь таны тэргүүлсэн танхимын хоёр сайдын авсан зээлийн хэмжээнд ч хүрэхгүй байгаа нь туйлын эмгэнэлтэй, Монголын ард түмнийг доромжилсон үйлдэл гэж үзэж байна.
Мөн Таны дурдсан мэдээлэлд малын тоо толгой өсөж байгаа нь бэлчээрийн хомсдол, доройтлыг үүсгэх, бэлчээрийн гарцад нөлөөлөх, цаашлаад байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөллж байгаа талаар 11 удаа дурдлаа. Таны өмнөх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Хэлдэг биш хийдэг ерөнхий сайд байна” гэж, Та “Зорьсноо хийж хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд байна.” гэж хэлж өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүллээ. Яриад л байх уу? Монголын ард түмэн, нүүдэлчин соёл иргэншлийн амь амьжиргааны эх үндэс болсон бэлчээрээ хэзээнээс хамгаалах гэж байна вэ?
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д “Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан батлуулж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.” гэсэн. Бэлчээр хамгаалах хуулийн төсөл хаачсан бэ? Танд ямар эрх мэдэл дутаа вэ? УИХ-ын чуулганаас араа, соёо нэхэн гомдоллож суудаг цаг биш ээ. Таны мэдэлд Үндсэн хуулиар баталгаажсан Засгийн газрын бүрэн эрх танд байна. Тиймээс та ажлаа хийж “Бэлчээр хамгаалах хуулийн төсөл”-ийг яаралтай боловсруулж, УИХ-ын өргөн мэдүүлэхийг шаардаж байна.
Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлэх зорилгоор УИХ-аас 2016 онд Тариалангийн тухай хуулийг баталсан. Тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлж газар тариалангийн бүс зарлахаас өөр дорвитой зүйлийг Засгийн газар гүйцэтгэсэнгүй. Тариалангийн бүс нутаг зарлана гэдэг нь тариалангийн газрыг хашаажуулах, хашааны тендер зарлахыг хэлэхгүй. Харин энэ нь уг бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин иргэдэд дэмжлэг үзүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйд шилжих, улмаар эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хослуулан хөгжүүлэх төрийн урт хугацааны бодлогыг илэрхийлж байгаа юм.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 Хөдөө аж ахуйн салбарын 1-р зорилтод “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, мал, амьтны өвчний тандалт, хяналт, үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлнэ.” гэсэн.
Энэ зорилтын I үе шат буюу 2016-2020 онд “Мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан худалдаа, хорио цээрийн шаардлагад нийцсэн мал, амьтны өвчингүй статустай нутгийн хэмжээг нийт газар нутгийн 10-аас доошгүй хувьд хүргэж, мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөрш орнуудын зах зээлд гаргах мал эмнэлгийн эрүүл ахуйн зохистой орчинг бүрдүүлж, үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ хугацаа талдаа орсон хэдий ч Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан худалдаа, хорио цээрийн шаардлагад нийцсэн мал, амьтны өвчингүй статустай нутгийн хэмжээг нийт газар нутгийн 5 хувьд ч хүрээгүй байна.
4-р зорилтод “Малчин өрх, хот айл, жижиг, дунд тариалан эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжин, орчин үеийн техник, технологи, эрчим хүчээр хангаж, үйлдвэрлэл тогтвортой эрхлэх санхүү, эдийн засаг, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ.” гэсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх I үе шат буюу 2016-2020 онд “Малчин, тариаланчдын 50 хүртэл хувийг өрхийн аж ахуй эрхлэхэд нь хүрэлцэхүйц чадалтай цахилгааны эх үүсвэр, техник, технологиор хангах, лизинг, хөнгөлөлттэй зээл болон бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх.” Гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Гэвч Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон сайн хөтөлбөр, ялангуяа “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоож, үйлдвэрлэл эрхлэгч нарт очих хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүд, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд цөлмөсөн нь илэрхий болоод байна.
Мөн газар доороо асар их баялагтай, газар дээрх үржил шим бүхий хөдөө аж ахуйгаа бид зөв ашиглах шинэ хандлагыг шаардаж байна. Зөвхөн өвлийг өнтэй давах, мал сүргээ өсгөн үржүүлэх асуудлыг бид ярихаас гадна цаашлаад хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг оюуны хөгжил, иноваци, тэргүүний техник, технологийн ололт амжилтад тулгуурлан хөгжүүлэх талаар бид ярих ёстой гэж үзэж байна.
Тиймээс ярихаа больж, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээ хязгаар дотроо оногдсон ажлаа хийж, төрийн залгамж чанарыг баримталж ажиллахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.