Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд болсон “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр нар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТАД ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Амрыг эрье, эрхэм генерал, офицеруудаа
Монгол Улс 1990 онд нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш Батлан хамгаалах салбартаа хоёр дахь удаагийн эрх зүйн шинэчлэлийг хийж, үндсэндээ дуусах шатандаа орж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Монгол Улсын Төрийн цэргийн номлол”-ыг баталгаажуулсан билээ.
Төрийн цэргийн номлол баримт бичигт Монгол Улсын өөрийгөө хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг тодорхойлж, тайван цагт болон дайны байдлын үед зэвсэгт хүчнийг ашиглахтай холбогдсон олон асуудлыг тусгасан. Уг баримт бичгийн зүйл, заалт бүрийг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүн та бүгдийн гар нийлэмжтэй хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.
Энэхүү номлолын үзэл санаатай нийцүүлэн “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч”-д тодотгол хийж, зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэх болон шинээр боловсруулах томоохон ажлууд ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудад хийгдэж эхэлсэн тул Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагыг шаардлагатай үед ашиглах, удирдлага, харилцан ажиллагааныхаа нийцлийг хангах тал дээр Та бүхний хамтын ажиллагаа чухал болохыг зориуд тэмдэглэн хэлмээр байна.
Бид аливаа салбарын хөгжлийг амдаж, зэрэгцэн алхах гэсэн том зорилготой байх ёстой. Тийм учраас гадаад улсын төдийгүй өөрийн орны шинжлэх ухааны салбарын ололт, амжилтаас суралцах, тэднийг дэмжих, хамтран ажиллахыг чухалчлан анхаарч ажиллаарай гэж та бүхэнд хэлье.
Өнөөдөр Жанжин штаб зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтыг “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” гэсэн сэдвээр зохион байгуулж байгаа нь шинээр томьёолсон батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх, түүнийг ашиглах талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор бие бүрэлдэхүүнээ сургаж бэлтгэх замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үнэлэлт дүгнэлтээ үндэслэсэн чухал ач холбогдолтой асуудлыг хэлэлцэж байна гэж Ерөнхий командлагчийн хувьд үзэж, ойлгож байгаа.
Монгол Улсын аюулгүй байдлын нэг тулгуур нь төрийн цэргийн байгууллагууд бөгөөд төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амар амгаланг баталгаажуулахад Та бүгдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл ихээхэн чухал гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.
Төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг баталдаг. Зохион байгуулалтын бүдүүвчид Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагын нэгтгэл, анги, салбарууд багтсан байгаа бөгөөд дотоодын цэргийн анги, салбаруудыг нэмж оруулах шаардлага байгаа. Үүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ гэдгээ надад илтгэсэн.
Цаашид Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах үүднээс төрийн цэргийн байгууллагуудын дарга нар өөрийн салбарын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулахын өмнө энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч миний биетэй харилцан зөвшилцөж байхыг үүрэг болгож байна.
Монгол Улсын төрийн цэргийн байгууллыг бүрдүүлж буй Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд нь тайван цагт цэргийн байгууллагуудынхаа хувьд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж, цэргийн албаны эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, харилцан ажиллах байдлаараа нэгдмэл байх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн алба хаагчдын зарим төрлийн цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт өөрчлөлт оруулсныг Та бүхэн мэдэж байгаа. Цэргийн алба хаагчид үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой, өнгө үзэмж сайтай хувцас хэрэглэлтэй байх шаардлагын үүднээс цаашид нарийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр өөрчлөлт, шинэчлэл хийх саналаа танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байгаа.
Улс орнууд уламжлалт болон уламжлалт бус аюул заналаас урьдчилан сэргийлэх, сөрөн зогсох чадавхаа нэмэгдүүлэх, түүний дотор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, оршин тогтнох язгуур эрх ашгаа сахин хамгаалах зорилгоор өөрийн улсын онцлогт тохирсон батлан хамгаалах бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд энхийг дэмжих ажиллагаа, цэргийн хамтарсан сургалт дадлага ихээхэн ач холбогдолтой. Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн Та бүгдийн үүрэг, оролцоо туйлын чухал юм.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөрш орнуудтай байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, улс орныхоо цэргийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд талархан дэмждэгээ энд хэлэхийг хүсч байна.
Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлсэн аэродромын газрын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авч ашиглаж байгаа нь агаарын цэргийн үүрэг гүйцэтгэлтэд ахиц гарсан гэж үзэж байна.
ОХУ-ын батлан хамгаалах яамнаас жил бүр явуулдаг олон улсын цэргийн наадамд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн мэргэн буудагч, танкийн биатлон, хээрийн гал тогоо зэрэг төрлүүдэд амжилтаа ахиулан оролцож байгаа тухай Жанжин штабын удирдлагууд надад илтгэсэн.
“Армийн тоглолт” цэргийн наадмын хүрээнд өөрийн нутагт анх удаа “Аравт” морин цэргийн уралдааныг явуулахаар болсныг Ерөнхий командлагчийн хувьд талархалтай хүлээн авч байна. Энэхүү уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, цаашид уламжлал болгон өргөн хүрээтэй явуулахын төлөө хичээн ажиллах ёстой юм.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж буй бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг хэн бүхэн, тэр дундаа та бүхэн ойлгож байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2018 оны нэгдүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулах журам”-ыг баталсан байгаа. Энэ журмын дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын барилгын ажлыг зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж, улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд цаашид үр бүтээлтэй оролцох ажлын гарааг саяхан эхлүүллээ.
Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцсоноор улсын хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Бусад улсууд ч бүтээн байгуулалтын ажилд цэргийн хүчээ ашиглаж байгаа нь цэргийн алба хаагчид энгийн хүнээс илүү зохион байгуулалттай, тэсвэр тэвчээртэй байдагтай холбоотой төдийгүй зэвсэгт хүчиндээ хөрөнгө оруулалт хийх ач холбогдолтой юм.
ЗХЖШ-ын бүтцэд бүтээн байгуулалтын ажлыг шууд хариуцах чиг үүрэгтэй нэгж бий болгохыг миний бие ЗХЖШ-ын удирдлагад үүрэг болгосон бөгөөд нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, бүтээн байгуулалтын ажилд оролцох анги, салбарын боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг мөн үүгээр дамжуулж, удирдлагуудад үүрэг болгож байна.
Мөн энэ онд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиох бөгөөд энэ түүхэн үйл явдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа харийн түрэмгийлчдээс хамгаасан төдийгүй Зөвлөлтийн цэрэгтэй хамтран бүс нутгийн тогтворгүй байдлыг намжаахад Монголын ард түмэн, Монголын ардын хувьсгалт цэргийн оруулсан хувь нэмрийг алдаршуулах, хойч үедээ мэдүүлэн таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ байх болно.
тус ойг тохиолдуулан Дорнод аймгийн Халхгол сумын төвийг “Шинэ сум” төслийн хүрээнд иж бүрнээр шинээр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахаар тооцож байгаа бөгөөд богино хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлага тавигдаж байгаа.
Би үгийнхээ төгсгөлд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байгаа юм. “Төрийн албаны тухай” хуульд “…төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан. Төрийн тусгай алба, түүний дотор төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын томилгоо, ажил үүргийн хуваарилалт шударга зарчмаар явагдах ёстой. Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстойг анхааруулъя.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Та бүхэнд уриалж, шинэ ондоо улам их амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.
Та бүхэнд амжилт хүсье. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.