Д.Эрдэнэбат: Ардчилсан парламент оршин тогтнох орон зайг хадгалж үлдэх ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хугацааг сунгах талаар санал хүргүүлсэн. Та энэ саналыг дэмжиж байгаа юу?

-УИХ-д шийдвэрлэх шаардлагатай хуримтлагдсан асуудал олон бий. Чуулган бараг хуралдаж чадахгүй байсаар завсарлах нь. Энэ чуулганаар 2019 оны төсвөөс өөр дорвитой хууль баталсангүй. Ер нь бүх хууль хуримтлагдаж байна. Тиймээс хүлээгдэж байгаа хуулиудаа хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, сандал суудлын асуудал буюу УИХ-ын дарга, сайд нарын асуудал үлдчихлээ. Үүнийгээ нэг тийш нь болго. Нийгмийн бухимдлыг арилгаж, ажлаа хийх нь зөв. Тиймээс чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулахад ямар ч асуудал байхгүй.

-УИХ дахь АН-ын бүлгийг УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэхээр МАНАН бүлэглэлийнхэн нэгийгээ хамгаалж байна гэж их шүүмжлэл явлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Бид нэг зүйлийг хэлсэн. Ардчилсан нам УИХ нэн яаралтай тарж, ээлжит бус сонгууль явуулах ёстой гэсэн нэг л байр суурьтай байгаа. Тиймээс бид тогтоолын төсөл боловсруулан бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурж, гишүүдийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоо хоёр дахь долоо хоног руу орж байна. Бид энэ байр сууриа хэвээр хадгална. Ер нь УИХ-ын гишүүн нэг байр суурьтай, туйлбартай байх нь өөрөө зарчим. Бидний итгэл үнэмшил бол УИХ цаашаа явах чадамжгүй, иргэдийнхээ итгэлийг алдчихсан байна гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс ээлжит бус сонгууль явуулах нь хамгийн зөв асуудал шийдэл юм биш үү гэдэг асуудлыг тавьж байгаа. Ийм л байр суурьтай байна даа.

-Ээлжит бус сонгууль явуулахаар зардал мөнгөнөөс эхлээд зарлага өндөр гарах биш үү?

-16 тэрбум төгрөг л болно шүү дээ. Бид 16 тэрбум төгрөгөөс илүү их мөнгө алдаж байгаа. Энэ УИХ-ын үйл ажиллагаа тасалдсанаас болж их мөнгө алдаж байгаа гэсэн үг. Тиймээс бид ирээдүйгээ бодох ёстой. Хоёрдугаарт, асуудалтай гэж яригдаад байгаа гишүүд ард түмний шүүлтүүр дээр оч л доо. Хийсэн ажлаа тайлагна. Өөрийнхөө үнэн зөвийг нотол. Шинэ нэр дэвшигчидтэй өрсөлдөж, ард түмний хүсэн хүлээсэн парламентыг бүрдүүл л дээ. Бид ардчилсан парламент оршин тогтнох орон зайг хадгалж үлдэх ёстой юм.

-УИХ-ын гишүүдийн бойкотоос болж УИХ-ын үйл ажиллагааг хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг шалтгаан болгож УИХ-ыг тараах нь хэнд ашигтай юм бэ?

-Би хоёр дахь жилдээ хэлж байна. Энэ үйл ажиллагаа буруу явж байна. Хэтэрхий улстөржиж, хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг удаа дараа илэрхийлсэн. Энэ бол өнөөдөр ярьж байгаа сэдэв биш. Миний хоёр жилийн өмнө хэлсэн зүйл одоо бодит болж хувирлаа. УИХ иргэдийн итгэлийг алдсан. Тиймээс УИХ тарах нь зайлшгүй зүйл л гэж хараад байгаа юм.

-Эрх баригч намын дотоод зөрчлөөс болж төрийн ажил гацаанд орсон. Үүний хажуугаар сөрөг хүчин хоёр хуваагдсан. Танай намын бүлгийн доторх уур амьсгал ямар байгаа вэ?

-Би нэг зүйлийг хэлье. Сөрөг хүчин бол сөрөг хүчин. Одоогийн үнэмлэхүй олонд бид сүүлийн гурван жил балбууллаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хийсэн ажлыг янз бүрээр улстөржүүллээ. Үүнээс эрх баригчид юу хожсон бэ гэдэг асуултыг өнөөдөр тавьж байна. Сөрөг хүчин энэ удаагийн УИХ-д төрийн үйл ажиллагааг тасалдуулах, хариуцлага үүрэх хууль эрх зүйн үндсээ алдчихсан. 2016 онд ард түмэн дүнгээ тавьсныг бүгд ойлгож байгаа. Тиймээс сөрөг хүчин рүү дайрах нь тийм ч чухал биш. Бид цөөхүүлээ. Харин сөрөг хүчний хувьд бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай алдаа дутагдлыг шүүмжилж ард түмнийг төлөөлөх нь бидний үүрэг. Түүнээс биш зарим нэгэн шиг хариуцлага хүлээх хүчинтэй адилтгаж үзээд л элдэв янзын муу зүйлд Ардчилсан намыг чирч оруулах гэж буй нь бүтэхгүй оролдлого. Ардчилсан намаас болж төр завхарсан, дампуу байдал руу ороогүй гэдгийг хүн бүхэн харж байна. Харин Ардчилсан намын үед ажил их хийсэн. Хийснийхээ төлөө улстөржиж яллуулж байгаа нь ч үнэн.

-Төр засгийн эрх барих нам солигдох бүрт л өмнөх үеийнхээ ажлыг гоочлох нь хэвийн үзэгдэл болсон биш үү?

-Дөрвөн жилд нэг удаа засгаа солих нь ардчилсан улсын тогтолцоо мөн. Гэхдээ одоогийнх шиг төрөө нураатал солигдож байсан засаг гэж байгаагүй юм шүү. Бүр ийм дор ортол нь шүү дээ. Нийтээрээ хулгай хийдэг, нэр хүнд нь унасан ийм эрх баригчид сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй. Одоо анх удаа тохиож байна. Үүнд Ардчилсан намыг татаж оролцуулах нь хамгийн утгагүй зүйл. Үүнтэй хэзээ ч санал нэгдэхгүй. Бид гурван жил балбууллаа. Юуны төлөө вэ. Бид эрх баригч биш. Бидний хийснээс илүү сайхныг хийсэн нь хаана байгаа юм бэ. Энэ бол нийтэд ойлгомжтой болсон зүйл.

-Татварын багц хууль болоод бусад эх үүсвэрт тулгуурлан энэ онд нэлээд өөдрөг төсөөлөлтэй төсөв баталсан шүү дээ. Гэтэл төсвийн жил эхэлчихээд байхад Татварын багц хуулийг хэлэлцэж, батлахгүй хүлээгдэж байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхэд сөргөөр нөлөөлөх байх?

-Зөвхөн Татварын багц хууль биш олон хууль хүлээгдэж байгаа. Үүнтэй санал нэг байна. Хэлэлцэх шаардлагатай хуулиудаа батлаагүй байж одоо амрах шаардлагагүй л гэж бодож байна. Сандал суудлаа сольсны дараа тайван амгалан амарна гэдэгтэй би санал нийлэхгүй. Татварын хуулиа ярих нь зөв. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Одоогоор манай улс валютын хомсдолд орж, валютын үнэ нь огцом өссөн. Валют, алтны нөөц эрс багасч байгаа ийм нөхцөлд төр шийдвэрээ гаргах зайлшгүй хэрэгтэй байна шүү дээ. Энэ бол бидэнд тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Тиймээс сандал суудлын асуудлаа дариухан нэг тийш нь болгочихоод хүлээгдэж буй хуулиудаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд ээлжит бус чуулган зарлах нь зөв. Ингээд УИХ тарах уу, үгүй юү гэдгээ шийдэх ёстой.

-УИХ-ын зарим гишүүн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлж, алтны төлбөрийг 2.5 хувь хэвээр байлгах нь ашиг сонирхолтой холбоотой гэдгийг хэлж байгаа. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Алтны төлбөр нь 2.5 хувь байсан хуулийн хугацаа нь дууссан. Одоо хуулийн хугацааг сунгах уу, үгүй юү гэдэг асуудал байна. Хуулийг сунгалаа гэхэд татвараа нэмэх эсэхийг ярих нь зөв. Бид нэг зүйлийг л харах хэрэгтэй. Аль хувилбар нь эдийн засагт бодит эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг хэлэлцэж, шүүх нь зөв. Ардчилсан намын бүлэг энэ асуудалд ямарваа нэгэн хатуу, нэг талын байр суурь илэрхийлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Алтны тушаалт нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх үү, эсвэл татварыг нь нэмж таван хувь болгох нь зөв үү гэдгийг гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ үзэх байх. Алтны нөөц багассанаас болж валютын ханшийн савалгаа, бараа үйлчилгээний үнэ өсч байгаа нь туйлын үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин татвар нэмбэл төсвийн орлого нэмэгдэх нь үнэн. Гэхдээ төсвийн орлого нэмэгдсэн ч мөнгө нь зорилтот зүйлдээ очих эсэх нь эргэлзээ дагуулж байгаа. Үүнийг олон талаас нь харах хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН