Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/-ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авч хадгалсан, тээвэрлэсэн Нигери Улсын дөрвөн иргэнийг баривчиллаа.
Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн нутагт гадаад хэлний сургалтын төвийн багшаар ажилладаг бөгөөд дээрх хууль бус барааг ажлын байрандаа хадгалж байжээ. Сэжигтний эл хэргийг илрүүлэн цагдаагийн алба хаагчид ажлын байранд нь 13.00 цагийн орчимд нэвтэрч, гэмт этгээдийг дайчлан баривчлав.
Мөн түүний хамсаатан байж болзошгүй 300 орчим сая төгрөгийн өртөгтэй хар тамхи тээвэрлэсэн гурван Нигери иргэнийг 16.00 цагийн орчимд илрүүлэн саатуулж, мөрдөн шалгаж эхэлжээ.
Тус баривчилгааг нийслэлийн Прокурорын газрын хяналтанд ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид явуулсан бөгөөд гэмт этгээдүүд "Ice" буюу мөс хэмээх мансууруулах бодисыг Тайланд Улсаас олон улсын шуудангаар Монгол Улсын хил нэвтрүүлснийг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Гэмт этгээдүүд эл хэрэгт Монгол Улсын хуулиар шийтгэгдэх бөгөөд хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлэх, хадгалах, тээвэрлэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулиар хамгийн багадаа таван жилийн хорих ял оноодог аж.