Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн их засвар дуусч ашиглалтад орлоо.
Ингэснээр эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байна.
Өрөө тус бүрийг эрүүл ахуй, халдвар хамгааллын талд бүрэн зохицуулснаас гадна эмнэлэгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж, агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан байна. Засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр ханган, халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Эмнэлгүүдийн ариутгалын тасагт өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж суурилууснаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулах, багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байна” гэв.
Мөн өнөөдрийг хүртэл тус төслийн хүрээнд 1000 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн, лаборант нарыг мэргэшүүлээд байгаа юм.