Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Мохаммад Файсал Аль-Мутайри Кувейт Улсын Үндэсний Ассамблейн даргын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын Сангийн сайд Кувейт Улсын Сангийн сайдтай өнөөдөр албан уулзалт хийж буйг дуулгаж, энэхүү уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаанд түлхэц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв. Түүнчлэн хоёр орны парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, мөн парламентын түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, манай хоёр улсын улстөрийн харилцаа жил ирэх тусам өргөжин тэлсээр байгаа, цаашид хоёр орны харилцааг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын тоо нэмэгдэж, талууд харилцан сонирхсон бүхий л асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Эдгээр айлчлалууд нь манай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Кувейт Улсын Засгийн газраас эрүүл мэнд болон дэд бүтцийн салбарт 12 сая ам.долларын буцалтгүй тусламж, мөн Монгол-Кувейтийн судалгааны төвийн барилгын санхжүүжилт болох 3,4 сая ам.долларыг Кувейтийн тал гаргаж олгохоор болсонд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Кувейт Улсын Үндэсний Ассамблейн даргыг Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.