Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнөөдрийн хэлэлцүүлгээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын коппер корпорэйшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Тодруулбал, тус хэлэлцүүлгээр, хэрэгт авагдсан бичиг баримт болон прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн тэднийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагаар саатуулах мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Эрүүгийн цагдаагийн алба дээрх хүмүүсээс байцаалт авж, улмаар хорих 461 дүгээр ангид өчигдөр саатуулсан юм.
Тэднийг ямар үндэслэлээр байцааж байгааг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, "ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар энэ сарын 4-нд мэдээлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсан ч "Монголын коппер корпорэйшн" ХХК-д давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай" гэж танилцуулсан юм.
Хуулиараа, Мөрдөгч Прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэргүй 48 цагаар цагдан хорих эрхтэй. Прокурорын байгууллагаас үүнийгээ 24 цагийн дотор шүүх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд 24 цагийн дотор шүүхэд ирүүлсэн хүсэлтээр дээрх хэлэлцүүлэг болсон байна.