Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-аас гаргасан 73 дугаар тогтоол буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хэлбэрээр гаргах ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ.
Тодруулбал, энэ сарын 11-ны өдрөөс эхлэн IPO гаргах ажлын хэсгийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусахаар болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүдээр ороход л тэнд завгүй хүмүүс бужигнаж, ажил ч буцалж байх юм. Иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг үндэсний хөрөнгө оруулалттай том компанид ажил өрнөж байна гэдэг иргэн бүрийн хувьцаа үнэд орох цаг ойрхон байгааг илтгэх биз ээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд компанийн ажилчид 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажлаа хийх бөгөөд бэлтгэлээ бүрэн хангаж дуусах хүртлээ цаг сунгаж ажиллахаар болжээ. Өнгөрсөн жил ашигтай ажилласан учраас иргэн бүрт хувь тараах гэх мэтээр тэдний ажил амжилт дүүрэн гялалзаж байна.
Төд удахгүй 1072 хувьцаа амилж, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах учраас иргэн та ч идэвхтэй байж, өөрийнхөө хувьцааг хэн нэгэнд худалдахгүй хадгалж, үнэд хүргэхээ мартуузай.
Б.Эрхэс