УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсноо өнөөдөр албан ёсоор зарлав.
Энэ үеэр Л.Болд гишүүн, “Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөд Ж.Батзандан, Д.Мурат гишүүн болон миний бие эсрэг санал өгсөн. Үүний улмаас АН-ын удирдлагууд Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх, Д.Мурат гишүүн бид хоёр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. АН бол гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах хүсэлтээ өгсөн юм. Ингээд өнөөдөр Ж.Батзандан гишүүнтэй хамтран улс төрийн шинэ хүчин байгуулж байна. Энэ нам бол Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрийн өмнө нээлттэй байх юм. Бидэнтэй нэгдэхийг урьж байна. Манай намын зорилго бол ард түмэн төрийн эрх мэдэл, баялаг, ирээдүйнхээ эзэн байхад чиглэнэ. Намын нэр, мөрийн хөтөлбөр зэргийг удахгүй Улсын дээд шүүхэд хүргүүлэх болно” гэлээ.
Ж.Батзандан, “Монголд ардчилсан нийгэм тогтоод 30 орчим жил боллоо. Гэтэл гадаад өрийн хэмжээ өсөж, ядуурал 30 хувьд хүрлээ. Монголын нийт баялаг цөөн хэдэн хүнд төвлөрч байна. Монголыг хамгаалах, өмөөрөх, шударга ёсыг тогтоох улс төрийн хүчин хэрэгтэй байна. Тиймээс шинэ улс төрийн хүчин байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдэж байгаа юм. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн нууц энэ долоо хоногт задрах болно. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг хоёр жил Л.Болд гишүүн бид хоёр ярьж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал Монгол Улсын хуулийг зөрчсөн тухай асуудлыг мөн л хоёр жилийн өмнө хөндөж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргатай хамт Швейцарьт ажилласан гишүүд оффшор бүсэд данс эзэмшиж буй улс төрчдийн мэдээллийг авч ирсэн” хэмээв.