Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цэргүүд амиа алдсан хэргийг шийдвэрлэхэд анхаарахч ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Хошууч генерал А.Ганбатын намтар:1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд албанд ажиллаж байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Мөн ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2005 онд хошууч генерал цол хүртжээ.