Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.
Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг өчигдөр ХХААХҮЯ-аас “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.
Энэхүү “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцсон юм.
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой 6 жилдээ зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн үр дүнд дотоодын үйлдвэрээс төрийн худалдан авалт хийх хэмжээ нэмэгдсэн байна. Тодруулбал дүрэмт болон ажлын хувцас, цэрэг армийн гутал, сурагчийн ширээ сандал, ном сурах бичиг, барилгын материал, нийтийн хоолны тоног төхөөрөмж, одон тэмдэг, цэрэг болон цэцэрлэгийн хүүхдийн гудас хөнжил, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэр төрөл өссөн байна.
Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурсан юм.