УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрөөс албан ёсоор тарсан талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэв.
УИХ-ын тухай хуулиар ээлжит сонгуулиар 8 болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй байдаг. АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын бодлого, үзэл баримтлалын эсрэг ажилласан хэмээн үзэж өнгөрсөн оны 12 дугаар сард хөөсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд тус намаас гарч буйгаа мэдэгдсэн юм. Тиймээс АН-ын бүлгийн үйл ажиллагааг өнөөдрөөс дуусгавар болгож байгааг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат онцлов. Тэрбээр, “Харин АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон долоон гишүүн хамтран Зөвлөл байгуулах боллоо. Зөвлөлийг миний бие даргалах юм. Энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ. Бүлэг тарсан тухай мэдээллийг УИХ дарга энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулах байх. Бүлэг тарснаар УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр завсарлага авахаас эхлээд олон эрх хаагдана. Гэхдээ УИХ дахь АН-ын зөвлөл сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх болно” гэлээ.
Мөн УИХ дахь АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг нарийн шалгах ажлын хэсэг байгуулах болжээ. Энэ талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьсны 40 сая ам.долларын өрийг ард түмний халааснаас төлөх ёсгүй. Үүнийг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Мөн аритрын шүүхэд “Стандарт банк”-тай банктай заргалдсаны зарлага буюу өмгөөлөгчийн хөлсөөс эхлээд бусад бүх зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх нь зөв юм. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага нэн даруй шалгаж, шийдвэрлэх ёстой” хэмээв.
УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон 29 хууль, тогтоолын төслийн 18-ыг нь өргөн мэдүүлээгүй байгаа аж. Тиймээс дээрх 18 хууль, тогтоолын төслийг нэн даруй өргөн барих шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн юм.