Гамшигт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх журам батлав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцлээ.

Тухайлбал:

  • Улаанбаатар-Дарханы авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
  • Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
  • "Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.
  • Энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.
  • Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.
  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов.