Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47.8 мянган багшийн санал бодлыг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 төлөөлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлсний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад үе үеийн багш нарын сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаар нээлтийн ажиллагаанд түрлэг нэмлээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 нь эмэгтэй багш байна. Хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Ц.Балхаажав өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш 22 настай Г.Тэгшсүрэн байв.
Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.