УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ.
2018 оны үндсэн чиглэлийн 32.3 хувийн биелэлтэй байна
Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж ерөнхий дүгнэлтийг гаргаад байна. Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил нь хоорондоо маргалдаж, эрх мэдэл, сандал суудал булаацалдсаар өнгөрүүллээ. Ард иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Эрх баригчид инфляцийн төвшинг 8 хувиас дээш гаргахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт 9.7 хувь болж өссөн байна. Эдийн засгийн өсөлт хэдий байгаа гэж үзсэн ч гэсэн инфляцийн төвшин буухгүй байнга өсч байгаа. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад онцгой нөлөөлж байгаа.
Үндсэн чиглэл дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ явсан. ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн авах байсан зээлийг эрх баригчид зохион байгуулалттайгаар завшсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна.
"Эрүүдэн шүүсэн" гэх дуулианы ард С.Зориг агсаны хэргийг бүдгэрүүлж болохгүй
С.Зориг агсаны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг Ардчилсан намын гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа. "Эрүүдэн шүүсэн" асуудал хүний эрхийн ноцтой асуудал мөн. Энэ асуудал ардчилсан улс оронд байж болохгүй зүйл гэдэгтээ бид санал нэгдэж байгаа. Гэхдээ "эрүүдэн шүүсэн" гэдэг дуулианы ард С.Зориг агсаны хэргийг замхруулах, будлиулах асуудал үүсэх бий гэсэн болгоомжлол байна. Зөвхөн "эрүүдэн шүүсэн" гэдэг асуудлыг хэлэлцээд, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцоод С.Зориг агсаны хэргийг бүдгэрүүлэх асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс түр хороо энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс бид санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулан асуудлыг тавих болно.
УИХ-д суудалтай, суудалгүй намууд болон Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой
Үндсэн хуулийг тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. УИХ одоо ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ сөрөг хүчингүй болсон. Тиймээс ганцхан бүлэгтэй энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг шаардлага байх ёстой. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр үнэмлэхүй олонхи сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхийн төлөө явах бол бид эсрэг байр суурьтай байна.