Өнөөдөр тохиож буй Цусны донорын дэлхийн өдрийг МУЗН, ЦССҮТ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?” сэдвээр “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор эл өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, олон нийтэд алдаршуулсан юм.
Нийт 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгов. Улаанбаатар хотод 2017 онд 52 донор “Хүндэт донор”-ын болзол хангасан байна. Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор”-оор 21 настай Б.Бямбажав тодорч цол тэмдгээ гардав.
Мөн 2001 оноос тогтмол хугацаанд 200 гаруй удаа цусаа бэлэглэсэн 41 настай Д.Бум-Эрдэнийг анх удаа “Топ донор”-оор өргөмжилж, “Топ 200+” цом гардууллаа.