Хэнтийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөнө

МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд оролцогчид Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав.

Ийнхүү МАН дээрх тойрогт өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр 12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтлоо.

УИХ-ын ноднин намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг тусгажээ.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч ноднин зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.