Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, МСҮТ-ийн байгууллагуудаас гадна ОУХБ, ЦЕГ, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Өдөрлөгийн үеэр иргэдэд төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд санал авах юм.
Мөн 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн биржийнхэн ажлын байр санал болгон оролцож ажил зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжил, ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр зөвлөгөө, лавлагаа өгөхийн зэрэгцээ санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж байна. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагч төгсөгчдийнхөө бүтээлээр үзэсгэлэн дэлгээд байна.