"Эрдэнэс Тавантолгой” компаниас ногдол ашиг авах хүлээлт талаар боллоо. Эл компанийн нийт хувьцааны 14 орчим хувь буюу 1.7 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буй. Тэдний нэгээхэн хэсэг ногдол ашиг авах сонирхолтой байв. Үүнийгээ нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн.
Ногдол ашиг тараах сэдлийг уул уурхай, санхүүгийн зах зээлд ажилладаг зарим төлөөлөл ихээхэн дэвэргэж байсан юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлийнхэн ногдол ашиг тараагаасай гэж бараг л залбирч байсан. Хэрэв ногдол ашиг тараавал тэдний орлого нэмэгдэх учраас тэр. Монгол Улсын хүн амын 1.4 сая нь үнэт цаасны данс нээлгэсэн. Одоо дахиад төдий хэмжээний хүн нээлгэх үлдээд буй.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бол даруй нэг сая хүн үнэт цаасны данс нээлгэх байв. Брокер, дилерийн компаниуд үнэт цаасны дансыг 5000 төгрөгөөр нээж, үүнийхээ талыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд тушаадаг. Сая үнэт цаасны данс нээхэд брокерууд 2.5 тэрбум төгрөгийн орлого олно. Ингээд бодохоор нэг брокер дунджаар 50 сая төгрөгийн орлого олох юм. Иймээс ногдол ашиг тараахыг дэмжсэн нь тодорхой.
"Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийнх нь Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргасныг дуулгахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын зөвлөмжийг дагасан гэж тайлбарласан. Тус компанийн хувьцааны 85 хувийг Засгийн газар эзэмшиж буй. Тиймээс төр хөрөнгөө мэдсэн шийдвэр гаргажээ. Мөн тэрбээр нэгэн судалгааг үндэслэл болгон тайлбарласан юм.
"Эрдэнэс Тавантолгой” компанийнхан ногдол ашиг тараах нь зөв, эсэхийг тандсан судалгаа цахим хуудсаар дамжуулан явуулахад 27 мянган иргэн оролцсоноос 40 хувь нь төмөр замаа тавь, 38 нь сургууль, цэцэрлэг гэх мэт нийгэмд дутагдаж буй зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруул гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 80 орчим хувь нь "Ногдол ашиг тараах хэрэггүй. Хөрөнгө оруулалт хий” гэсэн байр суурьтай байж. Үүнийг ч ногдол ашиг тараахгүй байх үндэслэл болгосон гэнэ.
Бизнесийн зарчим, зах зээлийн жамын хувьд ногдол ашиг тараахгүй байх нь маш зөв шийдвэр. Өртөг шингээсэн, далайцтай үйл ажиллагаа явуулахын тулд компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Ийм компани олсон мөнгөө үрэхийн оронд ирээдүйд ашиг орлогоо нэмэгдүүлэх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг юм. Олсон мөнгөө үрчихвэл ирээдүйд өндөр ашиг олох боломжоо хаана.
Ямар компани ногдол ашиг тараадаг юм бэ гэх асуулт гарах нь мэдээж. Зах зээлээ эзэлчихсэн, тэлэх орон зайгүй болсон, тоног төхөөрөмж, байшин барилгаа шинэчлэх, дэд бүтэц барих шаардлагагүй компаниуд л ногдол ашиг тараадаг. Шинээр хөрөнгө оруулах зүйлгүй тул илүүдэл ашгаа хуваарилдаг гэсэн үг. Энэ онд тус бүр 40 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн "Тавантолгой”, АПУ компани үүний жишээ юм.
Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой” коксжих нүүрсээ "түүхийгээр” нь уурхайн амнаас борлуулдаг. Бүтээгдэхүүндээ нэмүү өртөг огт шингээж чадахгүй байгаа, асар их нөөц эзэмшдэг залуу компани. Нэмүү өртөг шингээж, бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд тэднийх нүүрсээ баяжуулах, төмөр замаар тээвэрлэх нь маш чухал. Тиймээс үйлдвэрлэл, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах нь ашгаа нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь болох юм. Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл 256 км төмөр зам тавьчихвал нэг тонн нүүрс экспортлох зардал 10 гаруй ам.доллароор буурна гэсэн тооцоог салбарынхан танилцуулдаг. Төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний уурхайн аман дээрх үнэ 10 ам.доллароор нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв төмөр замтай байсан бол "Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун уурхайгаасаа нэг тонн нүүрсийг 80 гаруй "ногоон”-оор борлуулах байжээ. Компанийн улсад төлөх татвар, хураамж, ашиг орлого ойролцоогоор 15 хувиар өсөх байж. Баяжуулах үйлдвэр барьчихвал нүүрсээ улам өндөр үнээр борлуулна. Тэгэхээр дэд бүтцэдээ хөрөнгө оруулахыг дэмжих нь зүйтэй.
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараана гэсэн хүлээлт үүсгэсэн гэхэд болно. "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж, ярилцлага өгөхдөө ногдол ашиг тараах бодлого баримтална гэж удаа дараа ярьсныг монголчууд санаж байгаа. Эл компани олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, хөрөнгө татахаар ажиллаж буй. Гадаадын зөвлөхүүд нь бага боловч ногдол тараах нь хувьцаа гаргахад "нэмэх оноо” авна гэж зөвлөжээ. Тэгээд компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд ногдол ашиг тараана гэсэн итгэл үнэмшил төрөөд байсныг эцсийн шийдвэр гаргасны дараа тэд тайлбарласан.
Гадаадын зөвлөхүүд ногдол ашиг тараах нь зөв гэж яагаад зөвлөсний учир шалтгаан одоохондоо тодорхойгүй байна. Тус компани нэгж хувьцаанд 25, нийт 50 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах "шуум” тараасан. Нэг иргэн дээд тал нь 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй. Тэгэхээр түүнд 26 800 төгрөг ногдох байв. Манай улс иргэддээ сар бүр 21 мянган төгрөг тарааж байсан удаатай. Хавтгайруулан тараасан мөнгө эдийн засагт ямар ч тусгүй, инфляц хөөрөгдөх л хүчин зүйл болж байсан билээ. "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг ч дэмий үрсэн мөнгө болоод дуусна. Түүний оронд хатуу хучилттай 100 км авто зам тавьчихсан нь дээр.
"Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнийхээ 750 тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавих ажлыг санхүүжүүлэхээр болсон байна. Мөн 7.7 тэрбум төгрөгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэх гэнэ. Төмөр замаас гадна "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам тавина.
Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Үүнийхээ усан хангамжийг шийдэх төсөл хэрэгжүүлнэ. Олборлолтын өртгөө бууруулахын тулд уурхай дээрээ туузан дамжуулга барих шаардлага бий. Мөн эрчим хүчний нүүрсээ боловсруулах химийн технологийн үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй. Эдгээрт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс иргэдэд хуваарилан, үрэн таран хийхийн оронд бодитой төсөлд хөрөнгө оруулж, ирээдүйн ашиг орлогоо нэмэгдүүлэх нь зөв.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дэд төслүүдээ хэрэгжүүлснээр 2023 он гэхэд борлуулалтын орлого нь 2.1 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо танилцуулав. Мөн жилд 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, 560 сая "ногоон”-ыг татвар хураамж хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх гэнэ. Энэ тохиолдолд жилд 800 сая ам.долларын ногдол ашиг тараах нөхцөл бүрдэх аж.
Өнөөгийн ханшаар тооцвол 2.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараана гэсэн үг. Тэгэхээр нэгж хувьцаанд 1240 төгрөг ногдох нь. Төсөөллөөр "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшигч 1.3 сая төгрөгийн ногдол ашиг авах юм байна. Гэхдээ ийм хэмжээний ногдол ашиг тараах, эсэх нь нүүрсний зах зээлийн үнээс хамаарна. Үнэ өндөр байвал ийм хэмжээний ногдол ашиг таарна гэж тооцжээ. Юутай ч олсон ашгаараа дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх нь компанийн нэгж хувьцааны үнийг өсгөж, хуваарилах ногдол ашгийн хэмжээг ч нэмэгдүүлнэ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт маргаашийн өндөр өгөөжийг "бүтээх” нь гарцаагүй.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин