Чуулганаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, •Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.