Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангри Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг Олон улсын хороотой хамтарч хангажээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 34 орноос гадна бүс, тивийн 9 орны төлөөлөл Монголд хүрэлцэн ирээд байна.
Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэн амьдарч байна. Эдгээр хүн бүрт бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой. Энэ хүрээнд Монгол Улс нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдэн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн брэхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна. Эдгээрт жилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.7 хувийг эзэлж байгаа юм. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднээс тодорхой шийдэл, шуурхай, ажиллахыг хүсэн хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө бүсийн улс орнуудын туршлага, сургамжийг судалж суралцахын зэрэгцээ манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улс орнуудад танилцуулах боломж олгож байгаа конгрессын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээв.
Хуралд Монгол Улсаас төв, орон нутгийн төр, төрийн бус байгууллагын 400 гаруй хүн оролцож байна.