Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч 4 сард Хот тохижилтийн газарт ажиллаж, ТҮК-ийн ажилтнуудтай уулзах үедээ тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотын тохижилтын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлж байсан.
Хотын захирагчийн хэлсэн дээрх үг ажил хэрэг болж өнгөрсөн долоо хоногт гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг оврын машинуудыг Хотын захирагчаас Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.
Тэгвэл эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм
ТҮК-ийн ажилтан М.Цэрэндондовоос ажлаа хийж байх үеэр нь тодруулга авлаа. Тэрбээр “Цэвэрлэгээний зориулалтын автомашинаа жолоодоод ажлаа явуулахад үнэхээр таатай байна. Өмнө би шүүр бариад гудамж цэвэрлэдэг байсан бол харин одоо жолоо бариад гудамжаа цэвэрлэж байна. Механизмаа жолоодоод ажиллах нь бидний ажлын ачааллыг багасгасан, нэг дор 5-6 хүний ажлыг хөнгөвчилж, ажиллахад амар болгож байгаа. Ийм төхөөрөмж оруулж ирсэн, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн байгууллагынхаа болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэлчүүддээ хандаж бидний ажлыг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж хэвшээрэй, мөн автомашины жолооч нарт хандаж цонхоороо татсан тамхиныхаа ишээ бүү хаяарай, зам хогийн сав биш шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх байна” гэв.
Ийнхүү Үндэсний Их баяр наадмын өмнө нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ТҮК-ийн ажилчдын жолоодсон зориулалтын бага оврын машинуудыг ажиллуулж эхэллээ.