Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.12) Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ онцгой цаг мөчид хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлэв. “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх шатны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найрсаг харилцаатай болсондоо баяртай байна. Олон чухал асуудлыг хамтын хүчээр шийдэж, туршлага хуримтлуулсан сайхан он жилүүд байлаа. Монгол Улсад ажиллах хугацаандаа сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. Цаашид ч шинээр томилогдон ирэх Суурин төлөөлөгчтэй идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.
“Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Одоо ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ шийдвэрлүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Монголчууд анх 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан. Одоо явуулах санал асуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал авах тухай хуулийн дагуу иргэд сонгогчид саналаа өгөх бүрэн эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа батлах юм” гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гол өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх жилүүдэд УИХ-аас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулахад хатагтай Биата Транкман идэвх зүтгэлтэй ажилласныг дахин тэмдэглээд ажлын амжилт хүсэв.
Хатагтай Биата Транкман нь Монгол Улсад 2015 оны есдүгээр сард томилогдон ирсэн бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар ажиллах юм