Гэмт хэрэгт холбогдсон дипломатуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэв.

Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээллийг ГХЯ-наас тус байнгын хороонд ирүүлжээ. Үүнд, гадаад улс орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл байгаа юм. Мөн төрийн албаны, улс төрийн намуудын удирдах түвшний, дипломат болон албан паспорттой хүмүүсийн мэдээлэл багтсан гэдгийг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Байнгын хороо хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус наймаанд оролцсон хүмүүсийг дипломат албанаас чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа. Монгол Улсад хар тамхины хэрэглээ газар авсан байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс хар тамхины хэрэглээг таслан зогсоох, залуусыг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар хууль хяналтын байгууллагуудад чиглэл өгч, хамтран ажиллаж байгаа. Дээрх нэр бүхий 69 хүнээс зургааг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайлбал, хил дамнасан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр Х.Даваадоржийг Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн А.Батсайханыг Бүгд найрамдах ардчилсан Лаос улс дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаал, Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаал, Б.Баттүшиг БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консулын албан тушаалаас чөлөөллөө. Мөн С.Эрдэнэбаярыг БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын жолоочийн албан тушаалаас, С.Эрдэнийг Хонгконгт суугаа Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөөд байна. Дээрх 69 хүний дунд одоо ч ГХЯ, ЗГХЭГ-т ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл бий. Тэднийг ажлаас нь чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцохын тулд ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах болно” гэлээ.

Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээлэл