2019.10.04 шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс