“Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг НҮБ-ын гишүүн улс орнууд жил болгон зохион байгуулагддаг “Улс төрийн өндөр төвшний чуулга уулзалт”-аар тайлагнадаг.
Монгол улс нь 2019 оны 7 дугаар сард Нью Ёорк хотноо болох Улс төрийн өндөр төвшний чуулга уулзалтаар "Үндэсний сайн дурын илтгэл"-ээ танилцуулах 51 орны жагсаалтад багтсан байна.
Өнөөдөр дээрхи ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага санаачлан Монгол Хүүхдүүд: "Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030" Анхдугаар хэлэлцүүлгийг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.
Зорилго нь:
Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилго 2030-н талаар хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Өндөр Төвшний Улс Төрийн Чуулга Уулзалтанд Монгол хүүхдийн төлөөлөл болон явах 1 хүүхдийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг танилцуулах, шалгаруулалтын эхний үе шатыг явуулах
Үндэсний Сайн Дурын Илтгэлд хүүхдүүдийн санал, санаачилгыг тусгуулахад бэлтгэх
Уг хэлэлцүүлэг таван салбар хуралдаанаар (Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхдийн эрх ба Хамгаалал, Хүүхдийн оролцоо, Өрхийн эдийн засаг ба зохистой хэрэглээ) явагдах бөгөөд Нийслэлийн зургаан дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл болсон 160 гаруй хүүхэд мөн Монголын Скаутын холбооны залуучууд оролцож дуу хоолойгоо хүргэсэн юм.