Ингэж хэлсэн хүүхдийг загнахгүй өнгөрөх ээж гэж цөөхөн гэдэгт би итгэлтэй байна. Учир нь “секс” гэх үг хүүхэдтэй ярилцахад дэндүү хаалттай сэдэв байсан, байсаар ч байгаа. Гэтэл эцэг, эхчүүд хаалттай байлгахыг хүссэн энэхүү цонхыг хүүхдүүд аль хэдийнэ цэлийтэл нээчихсэн байдгийг тэр бүр анзаарахгүй байна. Таны хүүхэд хүсвэл энэ талын бүх мэдлэг, мэдээллийг ямар ч цензургүй хүлээн авах боломж бүрэн бүрдсэн нийгэмд амьдарч байгаа гэдгийг ухамсарлах цаг нь болжээ. Тухайлбал, таны авч өгсөн ухаалаг гар утсаар интернэтийн орчинд аялж, тав алхаад нэг тааралдах захын интернэт кафед орж, өрөөндөө хичээлээ хийж буй нэрийдлээр хаанаас л бол хаанаас олоод мэдчих боломжтой.
Магадгүй таны хэзээ ч үзээгүй “том хүний” киног үзэж, хэзээ ч уншаагүй сексийн тухайг уншиж байгаа гээд бодоход л энэ цонхыг эцэг, эхчүүд нээх хэрэгтэй гэдгийг ойлгох биз. Учир нь хэдий чинээ хаалттай байна төдий чинээгээр хожим учрах хор уршиг нь их байх магадлалтай юм. Эцэг, эхтэйгээ ярилцаж, анхнаасаа бэлгийн боловсролыг зөв өнцгөөс хүлээн авсан бол асуудал арай өөр байна гэдэг нь ойлгомжтой. Хэдийгээр сургууль дээр нь нэгдсэн байдлаар хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, бэлгийн замын халдварт өвчний /ДОХ/ талаар хичээлийг программд тусгаж өгсөн ч хүүхдүүд үүнд тийм ч их ач холбогдол өгдөггүй тоглоом, шоглоом болгон хүлээн авдаг. Үүнээс гадна энэ хичээлийг ичингүйрэн хүлээн авч, сонссон болоод өнгөрч байгаа.
Хэдийгээр холбогдох байгууллагууд өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс /ДОХ/ урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангахыг зорин ажиллаж байгаа ч жилээс жилд өсвөр үеийнхний хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчлөлийн тоо өссөөр байгаа нь нэгийг өгүүлж байна. Яагаад өсвөр насандаа хүсээгүй хүүхдээ тээж, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байна вэ. Энэ бүхэн өсвөр үеийнхэнд эцэг, эхчүүдийн дотно зөвлөгөө, яриа, сургамж зайлшгүй үгүйлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Хүн бүхэн өсвөр насыг тойрч биш дайрч өнгөрдөг. Эцэг, эхчүүдэд ч гэсэн өсвөр насандаа анхны хайртайгаа учирч, хэрхэхээ мэдэхгүй шаналж өнгөрүүлсөн шөнүүд бий. Харин хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр ярилцахаас татгалзаж, сэтгэлийнхээ “хөшгийг” татаж, “цонхоо хаачихдаг” нь эргээд гэр бүлд сөрөг үр дагавар авчрах болсон нь үгүйсгэх аргагүй үнэн юм.
Тиймээс холбогдох байгууллагууд шууд тэдэнтэй харьцах бус эхлээд хамгийн дотны зөвлөгчидтэй хамтарч ажиллах тал дээр илүү анхаарлаа хандуулах нь чухал байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд ямар нэгэн асуудал тохиолдлоо гэхэд тэд хамгийн түрүүнд найздаа хэлдэг. Хэн ч “Ээжээ би жирэмсэн болчихлоо, ааваа би БЗХӨ /ДОХ/ тусчихлаа” гэж хэлж зүрхлэхгүй. Яагаад гэвэл тэд айдас, түгшүүрийг сэтгэлдээ тээж, эцэг, эхээсээ нууж асуудлыг шийдвэрлэснээр эргээд амиа алдах хүртэл аюултай үр, дагаврыг бий болгож байгаа юм.
Саяхан миний нэг найз сексийн талаар дүүтэйгээ ярилцах даалгавар авсан талаараа хуучилж билээ. Учир нь түүний ах нь том охинтойгоо энэ талаар ярилцах даалгавар өгсөн гэнэ. “Ах нь охинтойгоо энэ талаар ярилцах хэцүү байна. Ирээд охинтой минь энэ талаар ярилцаад өгөөч” хэмээн гуйсан аж. Учир нь ахлах ангид орсон охин нь найз хөвгүүнтэйгээ үнсэлцээд зогсч байгааг харсан учир санаа нь зовж эхэлсэн хэрэг. Гэтэл өсвөр нас гэгддэг 9-16 нас бол бэлгийн бойжилтын хувьд яаж ч бодсон онцгой бас хариуцлагатай үе мөн. Гэнэн томоогүй энэ л үед нь бэлгийн боловсролыг олгох, дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангахад нь чухал юм. Мэдээж энэ талын мэдлэг боловсрол дутмаг байдлаас болж бэлгийн замын өвчин /ДОХ/, хүсээгүй жирэмслэлт гээд олон асуудал ар араасаа хөвөрч байгаа билээ. Энэ нь хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах зориг дутсан “ичимхий” аав, ээжүүдийн буруу.
Мэдээж өсвөр насныхан хувийн нууц бий болж, ааш зан нь өөрчлөгдөж, хэнтэй ч хуваалцахгүй асуудлууд гарч эхлэх энэ үедээ тийм амар бүх зүйлийг ярилцаад байхгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, бэлгийн амьдрал, өвчний /ДОХ/ талаар барагтай бол хэнтэй ч ярихгүй. Гэтэл аль нэг эмнэлэг, танихгүй эмч дээр ирээд асуудлаа хэлж тусламж авах нь бүр ч бүрхэг. Тиймээс ээж, аав та бүхэн энэ асуудлыг гарц гэдгээ ухамсарлах цаг нь болжээ. Түүнээс олон нийтийн хэрэгсэлээр хичээл заагаад, эмэгтэйчүүдийн эмнэлэгээр хамгийн их үйлчилүүлж, үр хөндүүлж байгаа нь өсвөр насны охиод байна, өсвөр насныханы бэлгийн замын халдварт өвчнөөр хамгийн их өвчилж байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хэдий хэр явуулаад ч амжилт олох нь юу л бол.