Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ъУлаанбаатар ротариъ клуб, Австралийн гэр бүл эвлэрүүлэн зуучлах холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавх бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг долдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг сургалтад орон нутгийн харьяа байгууллагын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар, гэр бүл судлаачид, бодлого боловсруулах анхан шатны практик дээр хэрэгжүүлэх бүх шатны хүмүүс оролцож байна. Сургалтаар эр бүлийн харилцаа, зөрчил маргааны шалтгаан, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, түүний онолын болон практик арга зүй, гэр бүлд зөвлөгөө өгөх аргууд, үйлчлэгчдийн хүлээн авах, бүртгэлийн үйл явц, гэр бүл салах үеийн хүүхдийн эрхийн хамгаалалын талаар ярилцах аж:
Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар 21 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулж ,үүнээс 4200 орчим нь гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь өдөрт 40 хос гэрлэлтээ батлуулж, 10 хос салж байна гэсэн үг. Ингэж салж буй шалтгааныг судлаачид гэр бүлийн боловсрол дутуу байгаатай холбон тайлбарлаж байна. Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжил хэлэхдээ: “Чингис хааны үе болоод социализмын үед гэр бүл салалт бага байсан гэж үздэг. Учир нь хуулийн зохицуулалт нь их хатуу байлаа. Чингисийн үед бол алах ял өгдөг байсан бол, нэг намын тогтолцоотой байхад ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг байв. Одоо бол ардчилсан эрх чөлөөт улсад яаж ч амьдарч болно гэсэн ойлголт залууст их байна. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт тэдний гэр бүлийн боловсрол дутмаг буйтай холбоотой” гэлээ.
Гэр бүлийн боловсрол гэдэг нь тухайн хос гэр бүлээ яаж төлөвлөх, эдийн засгаа хэрхэн шийдвэрлэх, цаашдын амьдралын зорилго, үр хүүхдийн хүмүүжил, нэгнээ дэмжих, ойлгох, асуудлыг хамтдаа шийдвэрлэх зэргийг бодож, төлөвлөж, ойлголцох ухаан гэж ойлгож болох юм. Тэгвэл Гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хосуудын энэхүү асуудлыг шийдэх зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Хуульд тусгаснаар Гэр бүлийн боловсрол олгох асуудлыг Сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгт хүмүүжих наснаас нь эхлээд суурь ойлголтыг суулгах, улмаар Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн төвшинд тухайн шат шатны хэрэгцээ, насны онцлогт тохирсон боловсрол олгох ажлыг тусгажээ.
Мөн энэхүү гэр бүлийн шинэчилсэн найруулгад эвлэрүүлэн зуучлах асуудлыг оруулжээ. “Одоо гэр бүлийн маргааны эвлэрүүлэн зуучлах хугацаа 30 хоног байгаа, Үүнийг шинэчилсэн хуулийн төслөөр 3 хүртэл сар байхаар тусгаж өгч байгаа” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир ярьж байна. Тэрбээр яриандаа “Гэр бүлийн зөрчил, маргааныг эвлэрүүлэн зуучлах асуудал зөвхөн шүүх эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэдэг байсан бол тус шинэ хуулиар гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон шинжээч оролцохоор болж байгаа” гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт гэр бүл хөгжлийн газрын салбар хэлтсүүд болон зөвлөгөө өгөх төвүүд ажиллаж байна. Уг төвөөр жилдээ 20 орчим гэр бүл хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн маргааны асуудлаар зөвлөгөө авч буйн маш хангалтгүй байгаа юм. Энэ нь нэг талаас Монголчуудын гэр бүлийн дотоод асуудлаа гадны хүнд дэлгэх дургүй зангаас, нөгөөтэйгүүр ийм зөвлөгөө өгөх төв байдаг, зөвлөгөө авснаар уг асуудал эвлэрүүлэн зуучлах замаар шийдэгдэнэ гэдгийг мэдэхгүй буйгаас хамаарч болох юм.
“Эвлэрүүлэн зуучлах асуудал яагаад чухлаар тавигдаж байна гэхээр хосууд үл ялих маргааныг том асуудал болгон харж, хамтдаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхгүй, эрүүлээр харж чадахгүй байгаатай холбоотой. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь Монгол гэр бүлийг дэмжих нэг хэлбэр” хэмээн Улаанбаатар хотын Ротари клубын гишүүн, гэр бүл судлаач С.Энхтуяа ярьж байна. Мөн тэрбээр “Австрали улс бол гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээг цогц хэлбэрээр нь хэрэгжүүлдэг үлгэр жишээ улс. Тиймээс бид энэ улсаас суралцаж, сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм” гэдгийг хэллээ.
“Монгол Улс гэр бүлийн маргаан шийдвэрлэх зөв арга техниктэй, хуультай, зөв шийдвэрлэдэг болоход туслах зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Бидний хамгийн гол арга бол тэдгээр гэр бүлүүдийн хүүхдүүд дээр анхаарлаа төвлөрүүлэх юм. Эцэг, эх хоёрыг хамтад нь суулгаж байгаад хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн харж буй талаар нь асуудаг. Тэдэнтэй энэ талаар ярилцсанаар асуудал өөрөөр эргэх тохиолдол байдаг. Үүнээс л хамгийн зохицтой шийдлийг гаргаж ирдэг” хэмээн Австрали улсын гэр бүл эвлэрүүлэн зуучлах, маргааныг шийдвэрлэх холбооны дэд Ерөнхийлөгч Катрин Жонсон ярьж байна.
Төр, улс оршин байх үндэс гэр бүл. Гэр бүл тогтвортой байвал Монголын ирээдүй болсон хүүхэд зөв хүн болон төлөвшинө. Үүний тулд гэр бүл зохиож буй хосууд хариуцлагатай байж, сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандах бус ярилцаж, ойлголцож, зөв гарцыг олдог байх хэрэгтэй. Үүнд төрийн шат шатны байгууллагууд дэмжиж ажиллах эхлэл ийн тавигджээ. Дашрамд дуулгахад, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх намрын чуулганаар хэлэлцэх юм байна.