Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 15 ангийн 1,657 алба хаагчдыг эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох хувь хүний хүмүүжлийн сургалтад хамруулав.
Аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 120 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, хувийн болон өрхийн санхүүг зөв зохистой зохицуулах талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний цэргийн ангиудад зохион байгуулж байна.