Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 1000-1600 цагийн хооронд МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж, “AHR клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай, “Тамишээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Өлзиймаа, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн хүний нөөцийн газрын дарга Б.Ононтуул нар мэдээлэл хийлээ.
Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ, Карьер хөгжлийн төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгч иргэд оролцох бөгөөд, ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх юм.
Үйл ажиллагааны хүрээнд иргэд дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Үүнд:
- Ажил хайгч иргэд, оюутан залуучууд тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах
- Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах, хувь хүний онцлог, зан чанар, сэтгэл зүйн тест оношилгоо хийлгэх
- Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх
- Бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
- 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай нэг дор уулзаж, анхан шатны ажлын ярилцлагад орох
Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог аж.
Арга хэмжээнд хамрагдах ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдах боломжтой.