Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ноён М.Такаока Монгол Улсад Элчин сайдаар 3 орчим жил ажиллаад нутаг буцах гэж байгаагаа дурдаад, энэ хугацаанд Япон-Монголын харилцаа өргөжлөө. Энэ үйл хэрэг олон хүний тус дэмээр амжилтад хүрсэн. Эрхэм Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцаа бэхжин гүнзгийрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэхэд таатай байна.
Тухайлбал, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх үндэс суурийг тавьсан. Мөн Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахад ч хувь нэмрээ оруулсан. Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Япон-Монголын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлгийн хамтарсан төсөл амжилттай хэрэгжихэд ихээхэн хүчин чармайлт гаргасныг талархан тэмдэглэж байна гэв.
Тэрбээр Монгол Улс далайд гарцгүй ч агаараар дэлхийд гарах боломжтой. Үүнд Хөшигийн хөндийн нисэх буудал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Сургалтын эмнэлэг Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах эрхэм чухал үйл хэрэгт хувь нэмэр оруулж, орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр үйлчлээд зогсохгүй, үйлчилгээний шинэ соёлыг түгээнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа гэж хэллээ.
Ноён Такаока Монгол Улсын хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан цорын ганц орон нь Япон билээ. Энэ бол манай улс хоёр орны харилцаанд нэн чухал ач холбогдол өгдгийн нэгэн жишээ юм гэж онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Стратегийн түншлэлийн харилцаатай, Зүүн хойд Ази дахь бидний хамгийн ойрын түнш Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 3 жилд эрчимтэй урагшлан хөгжлөө. Энэ бол Таны идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Та Хэйсэйн он тоололд Монгол-Японы харилцааг бэхжүүлэн өргөтгөж, Рэйвагийн шинэ эринд цаашдын шинэ ирээдүйн эхлэлийг тавьсан Элчин сайд байлаа. Таныг ажиллах хугацаанд хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, Таны дурдсан томоохон төслүүд хэрэгжиж, Япон Улсаас манай улсын эдийн засгийг тогтворжуулахад зориулж нэн хөнгөлөлттэй зээл олгосон. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагаа улам хөгжиж байна хэмээн тэмдэглэлээ.
Ноён Такаока уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт амжилттай батлагдсанд баяр хүргээд, энэ үйл хэрэгт Таны манлайлал онцгой үүрэгтэй байсан гэж онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульдаа оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт Монгол Улсад улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн юм. Тогтвортой байдал хоёр орны хамтын ажиллагаанд ч чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Уулзалтын үеэр 2020 онд болох Токиогийн олимпийн талаар хөндөж ярилцсан бөгөөд ноён Такаока “Монголчууд анх 1964 оны Токиогийн олимпод оролцож байсан түүхтэй. 56 жилийн дараа болж буй энэ олимпод Монголын баг, тамирчид өндөр амжилт гаргаж, хоёр орны найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийн түүхийг баяжуулна гэдэгт итгэлтэй байна” гэв.