Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд сагсан бөмбөг, волейбол, бүх нийтийн гүйлт, дугуй, шатар гэсэн спортын таван төрлөөр, иргэдийн спортын наадмыг найман төрлөөр зохион байгуулж байна. Нийслэлийн зүгээс дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах, дугуйн болон явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбайг олноор байгуулах бодлого баримтлан ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Ингээд дугуйн болон гүйлтийн спортоор хичээллэгч та бүхэнд спортын өндөр амжилт хүсэж, энэхүү тэмцээнийг нээснийг мэдэгдэе” хэмээлээ.

Бүх нийтийн гүйлтийг 5000м-ийн зайд 15-18 нас, 55-аас дээш насны ангилалаар, 10000м-ийн зайд 19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны ангилалаар зохион байгуулсан юм. Мөн дугуйн уралдааныг бага нас, 15-16 нас, 17-18 нас, 19-өөс дээш нас гэсэн ангилалаар, ердийн уулын дугуйн уралдааныг 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 19-35 нас гэсэн ангилалуудаар тус тус амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.