УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын хувийг бууруулж таван хувь болгох, НӨАТ-ын буцаалтыг хоёр хувь болгон нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэрбээр өчигдөр өргөн барьсан хуулийн төслийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тодруулбал,
“Өнгөрсөн 2019 онд нийтдээ хоёр их наяд 300 тэрбум төгрөгийн орлого НӨАТ-аас төвлөрсөн нь Монгол Улсын нийт төсвийн 24 хувийг бүрдүүлсэн. Энэ нь НӨАТ-ын баримтыг иргэд сайн авч, хяналт сайн байгаагийн илэрхийлэл. НӨАТ-ын орлого нийт төсвийн 24 хувьд хүрнэ гэдэг бол бусад татварыг илүү сайн оруулах нөхцөлийг бий болгож, бүртгэгдээгүй аж ахуйн үйлчилгээ, бусад газрууд татварын бүртгэлд орсноор бусад татвар нэмэгдэх, татварын бааз суурь унах нөхцөл байдалд хүргэж байна. Монгол Улс бол татварын орлого бүрдүүлэлтэд дэлхийд дээгүүр байр эзэлдэг.
НӨАТ-ын татварыг эцсийн хэрэглэгч төлдөг. Үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс шат болгондоо НӨАТ-аа төлчөөд буцаагаад авдаг учраас үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжид дарамт учрахгүй. Иймд НӨАТ-ын татвар нь аж ахуйн нэгжийг бүртгэхэд чухал нөлөө үзүүлж байгаа. Үүний үр дүнд татвар төлдөггүй, татвараас зугатаадаг механизмыг халж өгсөн.
Гэхдээ НӨАТ-ын татвар шууд бус татвар учраас үнэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглээний үнэд шууд нөлөөлснөөр инфляцид нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна. Ингэснээр НӨАТ-ын татварын өндөр хувь жирийн хэрэглэгч нарт өндөр татвар болдог. Түүнчлэн НӨАТ нь орлого багатай иргэд болон өндөр орлоготой иргэдийн хооронд харилцан ялгаатай нөлөөлж байна. Цалингийн бага хэмжээгээр орлогождог иргэдийн хувьд НӨАТ-ын татвар нь амьдралд шууд нөлөөлдөг бол өндөр цалинтай иргэдэд энэ нь тийм ч их дарамт учруулдаггүй. Тиймээс энэ төрлийн татварыг багасгах зайлшгүй шаардлага үүсч байна. Аж ахуйн нэгжид ч бас харилцан адилгүй нөлөөлдөг. Жишээ нь, бага хэмжээний ашиг орлоготой компанийн үйл ажиллагаанд НӨАТ шууд нөлөөлж, өндөр ашигтай аж ахуйн нэгжид тус татварыг төлөх нь том асуудалд тооцогддоггүй.
Иймээс орлогын ялгааг бий болгож байгаа эдгээр асуудлыг татварын хувийг багасгах замаар шийдвэрлэх боломжтой. НӨАТ нь алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд маш дарамт болж байгааг ч энд сануулахад илүүдэхгүй. Улаанбаатар хотын иргэд бараа бүтээгдэхүүнийг шууд үнээр худалдан авч байгаа бол алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэд бараа бүтээгдэхүүнийгтээвэрлэлтийн зардал гэх мэт борлуулалтын нэмэгдсэн өртөгөөр худалдан авч, түүн дээр НӨАТ нэмж төлж байгаа нь маш их хэмжээний зардлыг бий болгож байна.
Эдгээр шаардлага, үүсч буй нөхцөл байдалд нийцүүлэн өргөн барьсан татварын өөрчлөлтийн хуулийн төслийг УИХ-ын дарга хүлээн авсан байгаа. Тун удахгүй чуулганы хуралаар хэлэлцүүлж өгөх байх” хэмээлээ.
Мөн Ардчилсан намын зүгээс Сонгуулийн хуульд нөлөөлөх ямар ч боломжгүй. Энэ бол МАН хэрхэн зөвшилцөхөөс шууд хамаарна гэв.