УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй томуугийн А хүрээний вирусын талаар ярилцлаа. Тэрбээр H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг. Тиймээс вирусын халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилдөг хэмээн онцлов.
-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон гахайн ханиад шүү дээ. Гэтэл яагаад улирлын томуу гэж энгийн ханиад мэт яриад байгаа юм бэ?
-2009 онд А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн. Анх мексик улсад гарсан. Тус улсад гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг. Дараа нь хүнээс хүнд дамжих замаар нийт 200 гаруй оронд тархсанаар цар тахлын хэмжээнд хүрсэн. Тухайн үед H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байсан. Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Уг нь амьсгалын замын вирус шувууны томуу шувуундаа, хүний томуу хүндээ, гахайны томуу гахайндаа халдварладаг байсан. Гэтэл гахайны томуугийн вирус хүний популяци руу орж, эрлийз хэлбэрийн вирус үүсэхээр хүний дархлааны тогтолцоо нөгөө вирусыг хүлээн авах чадвар байхгүй. Дархлаа бэлэн биш учраас илүү хоруу чанартай, хурдан тархалттай, халдвар ихтэй вирус болчихож байгаа юм. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Тиймээс дэлхийн түүхэнд олон төрлийн цар тахлууд А хүрээний вирусээр халдсан байдаг. Агаар дуслаар дамжиж халдахаар амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд цус руу ордог. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг.
Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг
-Одоогоор ЕБС, их сургуулиуд амарсан байгаа. Харин цэцэрлэгүүд хүүхдүүдээ хэвийн хүлээж авч байгаа боловч ханиад болон утаанаас шалтгаалан ирц 50-иас доош хувьтай байна. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Энэхүү вирусийн халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилнө гэсэн үг. Бүх насны хүн өвчилдөг. Гэхдээ бага насны хүүхдийн дархлаа сул байдаг учраас илүү өвддөг. Өвчилсөн тохиолдолд удаан хугацаанд эдгэхгүй байх, хатгаагаар хүндрэх, тэр тусмаа нас барах тохиолдол бага насны хүүхдэд илүү тохиолддог. Сургууль, цэцэрлэгт халдвар авах нөхцөл ихтэй. Тиймээс хүүхдээ бүрэн эдгэтэл нь гэртээ байлгах хэрэгтэй. Ханиадтай хүүхэд эрүүл хүүхдийн дунд ороод халдвар тараадаг. Нэг вирусийн халдварт өртсөн, дархлаа суларсан үед өөр шинэ хэлбэрийн вируст өртөхөд амархан байдаг учир ханиаднаас салдаггүй. Амьсгалын замын ханиад үүсгэдэг нийт 200 гаруй төрлийн вирус байдаг. Нэг өвдсөн вирусээр дахиж өвддөггүй.
-Ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол гэхэд нэг их буруудахгүй байх. Хүүхдээ аваад хөдөө, гадагшаа явсан эцэг, эхчүүд очоод л хүүхдийнх нь ханиад өргөс авсан юм шиг эдгэсэн тухай ярьж байна. Та санал нийлэх үү?
-Санал нийлэлгүй яахав. Эрүүл агаар туйлын чухал. Утаагүй, хүчилтөрөгчөөр баяжсан агаараар амьсгалах эрхтэй. Тиймээс төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч өгөхийг мэргэжилтний хувиар хүсэж байна.
-Нийслэлчүүдийн уушгины өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Шалтгаан нь юу гэж харж байна?
-Ханиад, томуу хүндэрч хатгаа болох нь их байна. Мөн агаарын бохирдол амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтыг алдагдуулснаас болж мөн л уушгины хатгалгаа болдог. Агаарын бохирдол уушгинд яагаад муу вэ гэвэл, эрүүл хүний бие махбод тодорхой зөвшөөрөгдөх хэмжээний тоос тортог, утаа, бактери болон вирусийг шүүж, цэвэрлэх тогтолцоотой. Зөвшөөрөгдөх хэмжээнээс маш их хэмжээний утаа уушгинд ороод ирэхээр тэр хамгаалалт алдагддаг. Хамгаалалтгүй болсон тогтолцоонд ямар ч бактери, мөөгөнцөр үржээд ханиад томуу тусах, хатгаа болох, уушгины өвчлөл үүсэх нөхцөл бий болдог.
-Одоо дэгдээд буй вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?
-А хүрээний вирусийн эсрэг римантадин, тамифлю гэсэн хоёр янзын эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон. Энэ эм нь нэг эсээс нөгөө эс рүү дамжих замыг хаадаг болохоор 24-48 цаг дотор үр дүн үзүүлэх нөлөөтэй. Харин вирус цус руу ороод тархсан тохиолдолд үр дүн багатай. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Цочмог хатгаатай хүмүүс вирусийн эсрэг бэлдмэл, хажуугаар нь халдвар, вирус, бактери болон үрэвслийн эсрэг, хордлого тайлах гэх мэт эмчилгээнүүдийг цогцоор нь хийж байна.
- Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан.
- Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй.
- Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар дөрөвдүгээр байрт бий.
-Ханиад нь хатгаа болсон хүүхдүүд эмнэлгээр дүүрэн байна. 5-10 хоног эмнэлэгт хэвтээд гардаг боловч буцаад ирдэг гэж эмч нар ярьдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Эцэг, эхчүүд эмчилгээ дутуу хийдэг гэж байсан?
-Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг. Дархлаа сул, уушгины үйл ажиллагаа сэргээгүй байгаа үед шинээр халдвар авч болно. Хүүхдээ сайн эдгээгүй байхад нь цэцэрлэг, сургуульд явуулахаар өөр хэлбэрийн вирусийн халдвар аваад хатгаа болж хүндрээд байгаа юм.
-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ. Анх манай улсад гарч байсан шигээ хүний амь насанд хүрэх эрсдэл бий юу?
-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Гэхдээ хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд зөндөө байна. ЭМЯ-наас хатгаагаар нас барсан хүмүүсийн тоог гаргадаг. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Эрсдэлт хүчин зүйл их учраас жил бүр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа.
-H1N1 вирус манай улсад дэгдэж эхэлснээс хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд жил бүр гарч байсан гэсэн үг үү. Хэрэв тийм бол дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хангалттай хугацаа юм биш үү?
-Жил бүр томуугийн үндэсний төвийн цахим хуудсанд томуугийн дэгдэлтийн судалгааны сорьцын шинжилгээний төлөв харагддаг. Гэхдээ жил бүр өөрчлөгддөг учраас вирусийг эмчлэх түвэгтэй. Вирусийн эмчилгээ өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.
-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо маш олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг.