Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны Тэргүүн дээд шагнал Алтан хараацай шагналыг улиран одож буй 2019 онд дэлхийн болон Ази тивийн хөнгөн атлетикийн /ахмад/ мастеруудын аварга шалгаруулах тэмцээний олон төрөлд аварга болж, дэлхийн дээд амжилт тогтоосон Ц.Раднаад гардуулав.
Өнөөдөр Спортын төв ордонд болсон шагнал гардуулах ёслолд ММБТСХ-ны шилдэг ахмад тамирчид оролцсон бөгөөд “Алтан хараацай” цом, өргөмжлөлийг тус хорооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар түүнд гардуулан баяр хүргэв.
Эргэн дурсахад, Польшийн Торун хотноо /2019.04.02/ болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 85 настай Ц.Раднаа гуай 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.
Тэрбээр Австрали улсад /2019.09.06/ болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Улмаар Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс /2019.12.05/ Ц.Раднаа /400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ 4 алтан медаль хүртсэн юм.