Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлнө

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.