"Насны хишиг", Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 10-15-нд олгоно

Хоёрдугаар сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжүүдийн хэмжээ нэмэгдэж байна. Учир нь Засгийн газар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон юм. Үүгээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсан бол 188 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн асаргааны тэтгэмж сар бүр 76 мянган төгрөг олгодог байсныг 84.500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123.100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Дээрх халамжийн бүх тэтгэвэр, тэтгэмжийг энэ 2 дугаар сараас нэмэгдсэн дүнгээр олгох талаар Халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр өнөөдөр мэдээллээ. Тэрээр, жилд 2 удаа олгодог "Насны хишиг", мөн Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг Сар шинийн баярын өмнө орон даяар олгохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд 2 дугаар сарын олголтод онцгой анхааран иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилж буйг мэдээллээ. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг нэг дор бус шат дараатай олгохоор ажиллаж байна. Үүнд:

  • 2 дугаар сарын 10-нд ахмадуудын "Насны хишиг"-ийн мөнгө,
  • 2 дугаар сарын 15-нд Алдарт эхийн одонгийн мөнгө,
  • 2 дугаар сарын 18-нд "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгө,

Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус тус олгох талаар мэдээллээ.
Ингэхдээ иргэд заавал банканд очих бус банкны картаар авах бусад үйлчилгээг ашиглах боломжтойг сануулж байна. Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох санхүүжилт энэ жил саатаж, тасалдах зэрэг хүндрэл гарахгүй гэдгийг мэдэгдэж байна.