Монгол Улс, БНСУ-ын харилцааг Стратегийн түншлэлд хүргэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баяртай байгаагаа тодотгов.

Ноён Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзаж буй УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй БНСУ, Монгол Улсын харилцааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх боломж гэж харж байна хэмээн тэмдэглэв.

Ойн хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулна гэж итгэж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлэв. БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны чухал түнш орон гэдгийг тэрбээр онцоллоо. Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан. БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй" гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн нарын түвшинд тунхаглахад чиглэсэн бэлтгэл ажлыг хангах талаар Элчин сайдын хувьд хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны түвшинд дүйцүүлэх талаар хамтран ажиллах нь нэн чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулсан ач холбогдолтой байсныг Элчин сайд Ли Ё Хунг онцлоод, энэ айлчлалын хүрээнд ярьсан хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулахын сацуу бусад асуудлыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарал хандуулна гэв. Тэр дундаа БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсныг 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав.

Уулзалтын үеэр, зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Мөн цаг үеийн шинэ нөхцөлд тулгуурлан талууд эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргахаар тохирсон асуудлыг хөндсөн бөгөөд ноён Ли Ё Хунг Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлээр бодит үр дүн гаргахад чармайх болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдын ажилд амжилт хүсээд УИХ-аас бүхий л талаар дэмжиж нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.