Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны /ISO 9001:2015/ /MNS ISO 9001:2016/ стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул “Төрийн үйлчилгээ”-нд стандартын шаардлага хангасан батламжийн “Гэрчилгээ” олгожээ.

Гэрчилгээг /2020.02.11/ Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдлагад гардуулж өглөө. Ёслолын ажиллагаанд “Төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны стандарт боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэгсийн гишүүд, ЗГХЭГ-ын ХШҮДАГ болон ОНУЗГ-ын дарга нар албан хаагчид оролцов.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт /ISO 9001:2015/ /MNS ISO 9001:2016/ нэвтрүүлэхэд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, “Монсертф” ХХК баталгаажуулжээ.

Тус стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, Зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт эмх цэгцтэй болох ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэх юм.

Ховд аймгийн ЗДТГ нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2024 он хүртэл хугацаагаар эзэмших юм.