Үе үеийн парламентын эмэгтэй гишүүд хэн хэн байх, юу хийх, юу өмсөж зүүхээс эхлээд ямар үг хэлэх нь хүртэл анхаарал татаг хойно арга ч үгүй биз. Одоогийн УИХ хамгийн олон эмэгтэй гишүүдтэй ч хийж бүтээснээр гавих зүйлгүйн дээр “СУЛХАН” гэж гоочлогдож байгаа. Харин ирэх парламентад санаархагчид “ЧАНГА” байж чадах болов уу.
- УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
Орон нутгаас сонгогдсон цөөн эмэгтэйчүүдийн нэг. Анх парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа “тоон дотор үсэг” гэж нэлээд гоочлуулаад авсан. Түүнийхээ дараа бохь зажилж бас л шуугиан дэгдээгээд амжсан нэгэн. Гэсэн ч түүнийг яван чангарч байгаа гэдгийг бүгд мэднэ. Орон нутгийн төсөв, иргэдийн амьдралд ойр шийдвэрүүд гаргадаг, хөлбөрч хувирдаггүй, чамбай эмэгтэй гэхчлэн түүний талаар эерэг хандлагууд давамгайлах болсон. Тэрээр ирэх сонгуульд Өмнөговь аймгаасаа нэр дэвших гэж байгаа гэнэ.
- .Төрийн банкны орон нутгийн удирдлагын хэлтсийн захирал Л.Амгалан
Олон жил УИХ-ын гишүүнд санаархаж яваа эмэгтэй. МАН-аас итгэл хүлээж, илгээлт өвөрлөн БГД-ээс хэд хэдэн удаа нэр дэвшсэн ч өвдөг шороодож байсан түүхтэй. Тэрээр одоо НАМЭХ-ийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа учир эмэгтэйчүүдийн квотод багтан дахин мөрөөдлийнхөө төлөө үзээд алдах боломж бүрджээ.
- УИХ-ын гишүүн М.Билэгт:
УИХ-ын гишүүн М:Билэгт. Энэ парламентын дуулиантай эмэгтэйчүүдийн нэг. Хэлэх үг цөөнтэй ч хийсэн ажил чамгүй. Эмнэлэг бариа улсад шахчхаг, данхан дээр зургаа сийлүүлээд тойрогтоо тараачихдаг түүний үйлдлүүд цаанаа л нэг содон. Тэрээр энэ сонгуульд бас зөөлөн сэнтийдээ залрах төлөвлөгөөтэй байгаа сурагтай.
- Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
Залуухан, бас боловсролтой эмэгтэй. МАН-ын нарийн бичгийн дарга хийж явсан тэрээр өнгөрсөн сонгуульд нэр дэвшилгүй сугарч үлдсэн . Энэ удаад харин үзээд алдана гэдгээ ил тод зарлаж байгаа. Дэлхийн шилдэг 100 залуу, Азийн шилдэг 25 залуу улстөрчид нэр нь багтдаг түүнд У. Хүрэлсүх дарга итгэл хүлээлгэж байгаа сурагтай.
- Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гэх эл “Чимээгүй” эмэгтэй ирэх сонгууль нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. Тэрээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн байсан гэх мэт нам, төрийн ажлын туршлага сайтай. Арга эвийг нь олж хэдэн сайдын нүүр үзэж тогтвор суурьтай ажилласан түүнд нам итгэл хүлээлгэх сурагтай.
- БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан:
Он гармагц ажлаа өгч ирэх сонгууль үзнэ гэдгээ зарласан цөөн хүмүүсийн нэг нь БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан. Ц.Цогзолмаа сайдтай шүүхдэж ажлаа хэд өгч хэд авсан.
Гэсэн ч бууж өгдөггүй нэгэн. Өнгөрсөн сонгуулиар төрсөн дүү жүжигчин Б.Амарсайханаараа чүдэнз зуруулж, МАН-ын пи арын сургалт хариуцан ажилласныхаа шанд төрийн нарийн бичгийн албан тушаал авсан гэлцдэг юм билээ.
- СЗХ-ны дарга асан С.Даваасүрэн:
АНУ-д төгссөн эдийн засгийн доктор, МУИС-ийн эдийн засгийн багш байсан түүнийг сайн багш гэж шавь нар нь дүгнэдэг. М.Энхболд МАН-ын дарга байх үед эдийн засгийн зөвлөхөөр нь ажилласан. Монгол Улс саарал жагсаалтад ороход буруутгагдан ажлаа өгсөн. Түүнийг хүмүүс албан тушаал дээр нь байх үеэс нь илүү ажлаа өгөхдөө хэлсэн үгээр нь үнэлээд авсан. Монголын улс төр дээрээсээ булингартаж төрд тэдний гар хөл шургалж төрийн дархлаа, хариуцлага суларсанг чангахан хэлээд авсан зоригтой л эмэгтэй. Тэрээр энэ удаагийн сонгуульд нэр дэвших магадлалтай.
- ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле:
Баян-Өлгий аймгаас нэр дэвших эмэгтэйчүүдийн нэг. Тэрээр МАН-ын үе үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл дунд түүний нэр явдаг. ХХААХҮ-ийн дэд сайдаар хоёр дахь удаагаа ажиллаж байгаа түүнийг ажилдаа махруу, хичээл зүтгэлтэй нэгэн гэдэг ч У.Хүрэлсүх даргын дэвшүүлээд буй шинэчлэлийн салхи биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. А. Сауле гэх нэр жагсаалтад бий
- УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
Алдарт Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээрээ түрий барьж улс төрд орж ирсэн эмэгтэй. Сайн өвөөгийн нэрээр өндөрлөгт гарсан ч “Сайн” гишүүн байж чадсангүй. BLUMON, Тse Pub-ын эзэн Чингис буюу Ц.Санжжавын гэргий эрхэм гишүүн . ЖДҮ-гээс зээл авсан гэгдэж хэсэгтээ л шуугиулсан. Тэрээр энэ жил ахиад л нэр дэвших бололтой.
- УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
Ховд аймгаас гаралтай хэдий ч СБД- ээр овоглож, дүүргийн засаг дарга хүртэл хийж байсан эл эмэгтэй хоёр дахь удаагаа тус дүүргээс нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд гээд хүрч болох бүхий л ажил албан тушаалыг өнгөрсөн дөрвөн жил хашсан. Өөрийн кабинетынхаа эсрэг кноп дарчхаад “ажлаа өглөө” гээд хэлчихсэн тууштай л эмэгтэй. Гэсэн ч тэрээр мөрөөдлийг нь биелүүлсэн дүүргээсээ нүүр буруулж энэ удаа өөрийн төрсөн нутаг Ховд аймгаасаа нэр дэвших гэж байгаа ажээ.
- УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл:
Ойрын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шиг сайн ажиллаж байгаа сайд алга. Мэргэжлийн бус хүнээр эрүүл мэндийн салбарыг удирууллаа гэсэн шүүмжлэл эл өдрүүдтэй хамт ард үлдлээ гэхэд болно. МАН-ын НАМЭХ-ийн даргаар ажиллаж байгаа учраас тэрээр намынхаа эмэгтэйчүүдээс нэг номерт жагсах нь тодорхой. Улс төрд чамгүй удаан явсан түүнд туршлага ч бий.
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Сэтгүүлчээс улстөр рүү орсон энэ бүсгүйд мэдэхгүй зүйл гэж үгүй. Бодлогогүй жижигхэн үйлдлүүдээсээ болж сошиал медиад нүдүүлдгээсээ өөрөөр асуудал болоод байх зүйл байхгүй. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд иргэдийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа харагддаг. Сү.Батболдын фракцын ганц эмэгтэй гэгддэг тэрээр энэ удаагийн сонгуульд ЧД-ийн тойргоосоо нэр дэвших нь тодорхой гэнэ.
- НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа:
МАН-ын цоо шинэ боловсролтой боловсон хүчний нэг. Ц.Байгалмаа бол Монгол төдийгүй дэлхийд данстай шинжлэх ухааны доктор эмэгтэй. Тэрээр ОУ-ын долоон патент эзэмшдэг. Японд сурсан Монгол оюутнуудаас анхны эмэгтэй монгол оюутан, алдарт Харвардын их сургуулийн профессор байсан тэрээр эх орноо хөгжүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн эргэн ирж улс төр рүү орсон гэдэг. ХУД-ээс НТХ-д сонгогдсон доктор Ц.Байгалмаа энэ жил барьцаа ахиулж УИХ-д нэр дэвших сурагтай байна.
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр овоглож УИХ-н гишүүн болсон энэ эмэгтэйгээс иргэд маш их зүйл хүсэж хүлээж байсан. Харамсалтай нь Б.Саранчимэг гишүүн тэдний хүлээж байсан “их ажлыг” амжуулж чадаагүй. Шатар, даам эргүүлсэн шигээ чимээгүйхэн явсаар дөрвөн жил өнгөрлөө. Түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ удаа нэр дэвшихгүй харин эгч нь улирах сурагтай.
- УИХ-ын гишүүн А.Ундраа:
Станфордын их сургуулийн багш, доктор А.Ундраа энэ парламентын гавал толгойтнуудын нэг. Ураны гэж шүүмжлүүлж байсан тэрээр тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, МАН-ын дэргэдэх судалгааны хүрээлэнгийн захирал хийж байсан. Харахад аядуу зөөлөн мэт ч үе үе УИХ-ын танхимд эрчүүдээс дутахгүй ширүүн үг чулуудаж хэнээс ч айхгүй үзэлцэж харагддаг. Өнгөрсөн сонгуульд С.Одонтуяатай үзсэн хоёр энэ сонгуулиар ч дахин учраа таарах нь ээ.
- МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан Дэд захирал, профессор Ч.Ундрам
Сүүлийн үед нэр нь сонсогдоод байгаа Ч.Ундрам МУИС-ын багшаас, дэд захирал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зөвлөх хүртлээ улс төрд өссөн. Нөхөр нь АН-ын бизнесмен залуусын нэг бөгөөд өнгөрсөн сонгуульд НИТХ-д үзсэн. Эхнэр нөхөр, ах дүү нь АН, МАН-д хуваагдаж байрладаг жишгээр бол хол явж магад. Саяхан МАН-ын НАМЭХ-ын дэд ерөнхийлөгч болсон. Сэлэнгийн угшилтай эмэгтэй Сэлэнгэ нутагтаа өрсөлдөх бололтой.
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа
Б.Сэмжидмаа бас БГД-ийн МАН-ын дэд дарга, дүүргийнхээ НАМЭХ-ны дарга байсан. 2016 онд НИТХ-ын сонгуульд үзэх гээд квот авч чадалгүй дүүргийн ИТХ-д үзээд өвдөг шороодсон. Түүнийг БГД-ын Б.Амгалан даргын арай залуу хувилбар ч гэж ярьдаг. Хувийн цэцэрлэгүүдийн холбооны ерөнхийлөгч тэрээр намынхаа Удирдах зөвлөл дээр БСШУСЯ-ны дэд сайдад Б.Ганбаяртай өрсөлдөөд авсан. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч бүсгүй нам нь итгэл үзүүлбэл БГД-д нэр дэвших сонирхолтой байгаа гэнэ.
- Сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор
Өвөрхангай аймаг 4 мандаттай болсон тул нутгийн эмэгтэй Ц.Нацагдолгор нэр дэвших хүсэлтэй байгаа. МАН-ын НАМЭХ-ны идэвхтэй гишүүн, Хүний нөөц сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч. Тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, бизнес эмэгтэй. Өвөрхангайд өнгөлж магадгүй л юм.
- МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг
Доктор Ц.Мөнхцэцэг хэдийгээр улс төр судлаач ч улс төрд сүүлд орж ирээд шууд л МАН-ын дэргэдэх судалгааны академийн захирал, НАМЭХ-ны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч болсон. НАМЭХ-ын дэд ерөнхийлөгч болбол нэр дэвших нь бараг тодорхой болдог тул тэрээр жоохон амбицлахад УИХ-д суух магадлалтай. Тэрээр хэл ус, боловсрол сайтай, улс төрд шинэ хүн.
- Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч асан С.Оюунбилэг
2013 онд ХУД-ын НАМЭХ-ны дарга С.Оюунбилэг МАН-ын УЗ-д гэнэт орж ирж хүмүүсийн анхаарлыг татсан. Хаан буузын санхүүгийн дарга байсан бүсгүй 2016 онд УИХ-ын сонгуульд ХУД-с үзэн Лу.Болдод ялагдсан. Сонгуулийн дараа Үндэсний аудитын газрын даргын орлогчоор ажиллаж байгаад 2019 онд ажлаа өгсөн. Одоо НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч хийж буй бүсгүй ирэх онд УИХ-д дахин үзэх төлөвтэй.
Эдгээр эмэгтэйчүүд МАН-аас нэр дэвших магадлал өндөр байна .
Эх сурвалж: WWW.INDER.MN сэтгүүлч Т.ХУЛАН