Хоёрдугаар сарын 23-27-нд нийтийн тээвэр ҮЙЛЧЛЭХГҮЙ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр 17.00-18.00 цагт "Хангарди" ордонд болж, ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-наас 27-нд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох талаар шийдвэрлэлээ.

Улсын онцгой комисс шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэн хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комисс ийнхүү шийдвэрлэжээ.

Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах нөхцөл болж, болзошгүй эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж уг шийдвэрийг гаргав.

Хуралдаанаар шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогыг орхигдуулж болохгүйг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг ТЦА, мэргэжлийн хяналт болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.