Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхээр оролджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж, аж ахуй нэгжийг залилах оролдлого гарлаа.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ. Энэ асуудлыг бид харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх , зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.
Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэвэр тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг.

Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утсаар лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст яаралтай хандаарай гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.