Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв.
Тэрбээр "УОК-ын энэ удаагийн хурлаас орон нутгийн замыг 2020 оны гуравдугаар сарын 3-ны мягмар гарагийн өглөөний 06.00 цагт нээхээр болсон. Харин замын хяналт шалгалтын үзлэг нэмэгдэж, өндөржүүлсэн хяналт хэвээр байх болно. Иймд иргэд онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байх хэрэгтэй. Албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг шууд хүлээн авч биелүүлэх шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагын ажилчдын тавьсан шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Шаардлагатай тохиолдолд тусгаарлагдана.
Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлэх бөгөөд бэлтгэлээ хангаад дуусвал наана нь нээх боломжтой. Мөн Улаан-Үд мөн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл цуцалсан байна. Монгол Улсад эрсдэлтэй бүсээс зөвхөн монгол иргэд агаарын, төмөр замын, авто замын гэсэн гурван урсгалаар орж ирэх боломжтой. Ирээд 14 хоног тусгаарлалтад орох юм байна. Тэд Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтоор орж ирэх боломжтой. Харин БНСУ, Япон, Иран, Итали зэрэг коронавирусний голомтот бүс болоод байгаа эдгээр улсаас ирж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орж, 14 хоног зайлшгүй тусгаарлагдана. Тусгаарлах байрыг цэргийн эмнэлэг, Багабаян зэрэг газарт 250 орыг нэмж гаргах талаар ярилцаж байна" хэмээв.